2014-09-17

ТАЗОС: нэр томьёо шинжлэх аргазүй

Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)


“Монголын нууц товчоо”-ны англи орчуулгын зарим үг хэллэгт хийсэн ажиглалт


ХИС-ийн 4-9 ангийн оюутан, Орчуулгын клубын гишүүн Б. Энхмаагийн Оюутны эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, 2-р байр эзэлсэн илтгэлийн хураангуй.

Энэхүү судалгаандаа “Монголын нууц товчоо” /МНТ/-ны сонгомол эхийг Франсис Вүүдман Клийвзийн орчуулгатай харьцуулан зарим үг хэллэг дээр ажиглалт хийсэн болно.
Франсис Вүүдман Клийвз МНТ-г англи хэлнээ анх удаа бүрэн эхээр  нь орчуулсан бөгөөд түүний орчуулга нарийн судлагаан дээр тулгуурласан, нэлээд сайн болж чадсан хэмээн үнэлэгддэг учраас энэхүү бүтээлийн орчуулгад ажиглалт хийхээр шийдсэн юм.
МНТ-ны хоёрдугаар бүлгийн үг хэллэгийг нягталж үзэхэд нийт 67 үг хэллэгийг  англи хэлэнд оновчгүй дамжуулжээ гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Тэдгээрээс тухайлан дурдвал, МНТ-ны 74-р зүйлд:
Эх Үжиний
Халиар мангираар тэжээсэн хөвгүүд
Хаад болохуйц хүрэв 
Зарчимт Үжин эхийн
Заргасаар тэжээсэн хөвгүүд
Засагтан сэцэд болов
Гоо Үжиний
Гогод мангираар тэжээсэн
Хорчгор туранхай хөвгүүд
Хутагтан сайд болов            хэмээсэн байдаг.
Үүнийг Клийвз,
The sons which were nourished on the mountain shallot and shallot
By Ujin, the mother
Attained into becoming qad
The sons which were nourished on the ja’uqasu
By orderly mother Ujin
Became wise men [which were] lawgivers
The qa’uluqa sons
Which were nourished on wild shallot and shallot
By the Ujin
Became qoyira’ud noblemen гэжээ.
Дээрх арван мөрийг орчуулахдаа давтагдсан тоогоор найман үгийг нь зөвхөн транскрипцийн аргаар хөрвүүлжээ. Үүнийг арай өөрөөр доорх байдлаар хөрвүүлэх боломж байсан гэж үзэж байна.
          qa’uluqa - хаулуха - хорчгор туранхай Scrawny or tiny
          qoyira’ud - Хойир(л)аут - хурц, хуульт respectable
          ja’uqasu - Заргас - сарна цэцгийн үндэс  
Тухайлбал, ja’uqasu хэмээн хөрвүүлсэн энэ үг нь заргас буюу сарна цэцгийн үндэс хэмээн тайлбарласан байдаг. Сарна буюу бидний мэдэх төмсний улаан цэцэг юм. Төмсний улаан нь Lily бүлгийн нэг цэцэг бөгөөд үүнийг Asian Lily гэж ерөнхийлөн орчуулж болохоор байна.
Судлаад үзэхэд илүү боломжит хувилбар бүхий нийт үг хэллэгийн дийлэнхийг буюу 37,5 хувийг транскрипц ашиглаж дуудлагаар нь галиглан хөрвүүлсэн байна. Тэр дундаа дийлэнх хэсгийг амьтан ургамлын нэр эзэлж байна.

 Транскрипц ашиглан орчуулсан үгсийг дараах байдлаар хөрвүүлэх боломж байсныг жишээ аван өгүүлэхэд:
  • Soqosun -  /Сугас загас/ - Big mouth osman
  • Jebuge /fishes/ /Зэвэг загас/ - Lenok
  • Curaqa /fish/ - /Цурхай загас/ - Pike 
·         Moyilsun /fruit/ /мойл жимс/ - Bird berry
·         Sudun – /сөд өвс/ – great burnet
·         Cicigina /root/ - /гичгэнэ цэцэг/ - Silverweed
·         Pears /Алирс/  /олирс/ – Cranberry              хэмээн орчуулж болохоор байна.

Халиар, мангир, гогод зэрэг сонгины төрлийн ургамлуудыг бүгдийг shallot буюу зэрлэг сонгино гэсэн үгээр илэрхийлсэн байна. Эдгээрийн ялгааг гарган нарийвчлах нь зүйтэй мэт.  Миний судалснаар бол халиарыгvictory onionмангирыг chive, харин гогодыг Chinese chive гэж болохоор байна. 
Зураг 1. Mountain shallot
                                                    

Халиарыг mountain shallot гэжээ. Mountain shallot гэхээр Зураг 1 дээрх денотат толгойд бууна. Гэтэл халиарын денотатыг хоёр дахь зургаас харж болно. Үүнийг victory onion гэж болохоор байна.




Зураг 2. Victory onion
Зураг 3. Wild shallot 

Зураг 4. Chive










Мөн мангирыг wild shallot  гэжээ. Shallot гэхээр зэрлэг улаан сонгино барууныхны төсөөлөлд бууна. /Зураг 3/ Харин мангирын денотатыг Зураг 4 дээрээс харж болно. Үүнийг chive гэвэл орчуулгын дүйцэл хангах юм.

Мөн үндэсний сэтгэлгээг зөрүүлэн орчуулсан тохиолдол хэд хэд таарлаа. Тэдгээрээс жишээ авбал,  
Голомтыг минь бүү тасал. (Бэлгүдэйг бүү тэвчигтүн) гэсэн өгүүлбэрийг Destroy [ye] not my firepanхэмээжээ. Голомт гэсэн үгийн цаад утгыг ухалгүй үгчилж хөрвүүлсэн нь тохиромжгүй юм.
Мөн мангас гэх үгийг python хэмээн буулгасан байна. Python нь аварга могой эсвэл зөнчийг хэлдэг байна. Христийн шашинтан, барууныхан мангасыг могойгоор төсөөлдөг байж болох юм.
Энэ мэт эд юмс, ургамал, амьтны нэр, үндэсний онцлог үг хэллэг, зүйрлэл зэрэг олон үгсийн илүү оновчтой байж болох, миний дэвшүүлж буй хувилбарыг доорх хүснэгтээс харж болно.
Сонгомол эх
Клийвзийн хувилбар
Орчуулгын арга
Миний дэвшүүлж буй  хувилбар
Худ
quda 
Транскрипц
co-parentsin-law
 Хатад
qutad 
Транскрипц
Mistress 
Queen 
Хаан
Qahan
Транскрипц
Head/ Khan/ Leader
Гэр
Tent 
Ойролцоо орчуулга
Felt dwelling / Ger
Тайчууд ах дүүс
brethren 
Ойролцоо орчуулга
Tayiji ud folk/companion
Өхийтэл Богтлож
Putting her boyta on her head
Тайлбарлан орчуулах арга,
Транскрипц
To hold/make her hair tight
Огдойтол бүслэж
Girding herself so as to tuck up her skirt
Тайлбарлан орчуулах арга

To tuck up a flap of a deel/coat/garment  
хаад
Qad
Транскрипц
Able to become a leader
Сөстэй төрсөн
Born with gall
Үгчилж орчуулсан
Courageous
Хаад болохуйц хүрэв
Qad
Транскрипц
Able to become a leader
Хорчгор туранхай хөвгүүд
Qa’uluqa sons
Транскрипц
Scrawny
Tiny
Буур
Camel
Ерөнхийлөн  орчуулах арга буюу генерализаци
Male camel
Бороонд довтлох
Relieth upon the snow storm
Rainfall
Хадар
Qadara /fishes/
Транскрипц
Grayling Ruff / Whitefish
Өлгүүр гөхий
Fishhooks
Үгчилсэн орчуулга
Fishing rod
Fishing line
Хасар нохой
Qasar dog
Транскрипц
Tyke
Шонхор
Gerfalcon
Конкретизаци /тодруулан ялгаварлах арга
Falcon
Хаблан
Panther
Ойролцоо орчуулга
Борви
Heel
Ойролцоо орчуулга
Hock
Балмад довтлох баруг мэт
Barug
Транскрипц
Hound
Хулхи нь гуужиж
The wicked have molted
Үгчилсэн орчуулга
Able to understand things
Хороолж
Made a forth
Ойролцоо орчуулга
To hide/
Linger
Дөнгө
Buya u
Транскрипц
Pillory / cangue
Айл
/Divers/ ayil
Транскрипц
Family
Засаглаж
Give an order
Үгчилсэн орчуулга
Punish
Ам шүдээ билүүдэж
Sharpening their mouths and their teeth
(Like wild breasts which are about to kill and eat their prey
Үгчилсэн орчуулга
With bandy words
Зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр
First moon of summer, the red circle day
Үгчилсэн орчуулга
The first month of summer the red circle day
Сүү юүлээд
Poured off mare’s milch
Үгчилсэн орчуулга
Add milk
Туримтай
Turumtai
(the name of a bird of prey)
Транскрипц
Merlin
хулагч гүү
straw yellow
Ойролцоо орчуулга
goldenrod
Ам цагаан гүү
...mare, which mouth was white
Үгчилсэн орчуулга
mare with pale mouth
Оготор
horse with a hairless tail
Тайлбарлан орчуулах
Bangtail
Дарги
A dargi
Транскрипц
Хонгор
Straw yellow horse
 Ойролцоо орчуулга
Golden 
Straw yellow
Орог
Grayish white horse
Тайлбарлан орчуулсан
Gris
Griseous 
шунхул
with a black stripe along the backbone
Тайлбарлан орчуулсан
amber
Хүрээ иргэн
Guri’en of people
Транскрипц
Group of people
Circle of people
Бэлэг
Sidkul
Транскрипц
Dowry
Хөтөл
Led horse
Үгчилэн орчуулсан
Spare horse
Битүү харуутай тэрэг
Boken black cart
Транскрипц
Covered wagon
Хаалттай тэрэг
Qa’atai cart
Транскрипц
Covered wagon


Миний бие багахан мэдлэгийнхээ хэмжээнд жаахан ажиглалт хийгээд,

  •   Орчуулгад, тэр дундаа уран зохиолын орчуулгад транскрипцийн аргыг хэтрүүлэн ашиглах нь тийм ч зөв сонголт биш гэж үзэж байна.
  •   Орчуулга хийхдээ эх хэлний ард түмний ахуй соёл, сэтгэлгээ, угсаатны байдлыг сайтар судлан үзэх шаардлагатай байдаг юм байна.
  • МНТ-ны англи орчуулгын судалгааг үргэлжлүүлэн хийх                                                                                                шаардлага байна хэмээх дүгнэлтэд хүрлээ.
Сурвалж: http://translationclub.blogspot.com/search/label/%D0%A1%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%20%D3%A9%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%BB 

ТАЗОС: Европ хэлнээс орж байгаа хүний нэрийн зүйлийг яаж бичих вэ?

Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС): Европ хэлнээс орж байгаа хүний нэрийн зүйлийг яаж бичих вэ?

ЗОХИОЛ Ч БИШ, ОРЧУУЛГА Ч БИШ

Орчуулах эрдмийг сонирхогч оюутан залуустаа зориулан манай Орчуулгын клуб 2014-2015 оны хичээлийн жилд билиг танхай дуун хөрвүүлэгч Бямбын Ринчен гүүшийн бичсэн орчуулга судлалын өгүүлэл, орчуулгын зохиолын шүүмжээс цувралаар хүргэж байна.   Бямбын Ринчен гүүш 20 гаруй улсын 70 орчим зохиолчийн 240 орчим роман, тууж, өгүүллэг, найраглал, шүлгийг орчуулсаны зэрэгцээ олон арван орчуулгын шүүмж бичиж, орчуулга хийхэд хэл найруулга, соёл, сэтгэлгээний нарийн ширийн олон асуудалд орчуулгачид маш няхуур хандаж байхыг сануулсан байдаг.
Та бүхэн уншиж мэдэхийг хүссэн зүйл болон манай блогийн талаар санал сэтгэгдэл илгээхийг хүсвэлhumanitiestranslate@gmail.com хаягаар хандаарай.

Нэгдүгээр хэсэг
ЗОХИОЛ Ч БИШ, ОРЧУУЛГА Ч БИШ

(“ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ үзээд төрсөн сэтгэгдэл)

Монголчууд, эртний соёлт улс бөгөөд дэлхийн Монголч эрдэмтэд шинжлэхдээ, Азийн өндөр соёлт улсын сонгодог зохиол нь Монгол хэлэнд их дээр цагаас буусны хувьд Европын ямар ч улс одоохон дээрээ Монголыг гүйцэж амжаагүй гэж үздэг байна.
                Монгол хэлнээ хэдийн орчуулан буулгасан Азийн сонгодог зохиолоос одоо Европын улсуудын хэлэнд орчуулж байгааг үзэхэд Дорно дахины хэл бичгийн эрдэмтэн орчуулж байна.  Чингэхдээ зохиолыг орчуулахын өмнө их бэлтгэл хийдэг байна. Грек – Латин соёлын хүрээний нэр томъёонд таарах юм байхгүй бол нарийн судалгаа хийж тохирох нэр тогтоон, түүндээ хүн ухаарах тайлбар хийж, Европын хэл ёсонд байдаггүй хэв суртлын учрыг уншин үзэх хүндээ таниулан бичдэг тул орчуулсан орчуулга нь утга санаа, нэр томъёо, сонин найруулгаараа урьд тийм байгаагүй хэл зохиолыг баяжуулдаг байна.
                Дорно зүгийн хэлнээс Европын хэлэнд ингэж буулгадаг зохиолыг хөрвүүлэгч нь, өөрийнхөө хэлэнд урд өмнө байгаагүй өөр хэлний нэр үг бичихдээ ямар үсгийг өөрийнхөө үсгээр тэмдэглэж, ямар авиаг яаж тэмдэглэх журмыг боловсруулдаг байна.
                Чинги чингэсээр орчин үеийн орчин үеийн орчуулгын арга ухаан боловсорч, грек, латин, араб, кирил, энэтхэг зэрэг авианы үсгээр олон улсын нэр тэргүүтнийг тус тусын үсгээр буулгах шинжлэх ухааны зарчим бий болж ирсэн байна.
                Тэр зарчим нь орчин үеийн соёлт монгол улсад ч нэгэн адил хамаарагдах нь, олон улсын зохиолыг монгол хэлэндээ буулгаж байгаа орчуулга нь тусгалаа олох ёстой болоод байна.  
                Эдгээр өндөр шаардлагын үүднээс бид олон улсын алдарт зохиолыг орчуулан нийтэлж байгаа зүйлд байдал нь ямар болж байна гэж үзэх ёстой боллоо. Үүнд Намсрайн францаас орчуулсан Парисын дарь эхийн сүм гэдгийг европ зүгийн нэрт зохиолын орчуулгыг төлөөлж байгаа зүйл гэж, түүнийг үзэхэд ямар асуудал сэдэв гарж байгааг өгүүлэхийг хүснэ.
                Монгол хэл зохиолд европ хэлнээс орж байгаа хүний нэрийн зүйлийг яаж бичих вэ гэдэг асуудал гарна. Орчуулагч Намсрай, редактор Амар хоёр эл зохиолчийн нэрийг Виктор Гюго гэжээ. Монгол хэл зүйн ёсоор бол бид овгийг түрүүнд нь, нэрийг дараа нь орчуулдаг маань манай хэлний ёс. Энэ ёс бол, ганц монгол хэлний ёс ч биш, хэлний талаар монголтой ойр нилээд олон улсын ёс. Дэлхийн хэмжээгээр хоёр ёс бий: Урдаар нэрийг нь, сүүлээр овгийг нь хэрэглэдэг ёс бий. Овгийг нь урдаар, нэрийг нь сүүлээр тавьдаг нэг ёс бий. Энэ хоёр ёс бол тухайн хэлтэн улсын хэл зүйгээс гарсан ёс. Тэгээд, өөр өөрийнхөө хэлээр ярих бичихдээ тэр хэл зүйнхээ ёсонд зохицуулдаг нь орчин үеийн соёлт улсын зарчим болж жишээ нь Унгарын алдарт зохиолч Петөөфи овогт Шандорыг бид Петөөфи Шандор гэж урдаар овгийг нь дараагаар нь Шандор гэдэг нэрийг нь, тэр зохиолчтой Монгол уншигчаа танилцуулахдаа монгол хэлнийхээ зүйд зохицуулсан билээ. Унгар хэл энэ талаар манайхтай яг нэг тул, унгараараа Петөөфи Шандор гэдэг бөгөөд Оросын Александр гэж нэрийг урдаар, Пушкин гэж овгийг нь сүүлд нь хэрэглэдэгийг Пушкины зохиолыг унгар болохдоо Пушкин Александр гэж өөрийнхөө хэл зүйн дүрэм ёсонд нийлүүлдэг юм. Тэгэхдээ Пукшин гэж овгоор нь хэрэглэдэг хэлний ёсыг дагуулж, Пушкины зохиол гэхээс Александрын зохиол гэдэггүйг бид бас монголоороо Пушкин Александр гээд, Пушкины зохиол гэвэл зохих нь, орчин соёлт улсын журам болох юм. Орос хэл бичигт Ө авиа урт эгшиг байдаггүй учраас урт эгшгийг тэмдэглэдэггүй бөгөөд Орос хэлнийхээ ёс зүйд зохицуулж урдаар нэрийг дараагаар овгийг тавьж Петефи Шандор, Янош Кадар гэх зэргээр хэрэглэж байгаа нь  хэл зүй, үсэг зүйдээ зохицуулах орчин үеийн боловсон улсын ёс хэрэглэж байгаа юм. Унгарын Каадаар овогт Яанош тул, Каадаар Яанош гэдэг нь Монгол болгохдоо мөн л Каадаар Яанош гэж буувал зохихыг манайхан мэдүүштэй байгаа юм шүү. Жишээ нь: Пушкин, Горькийн тухай хятад судлагч хүний бичсэн зүйлийг монгол болгохдоо хятад материал хэрэглэсэн юмаа гээд Пушкиныг Пү Ши зинь, Горькийг Гуо Ли зи гэж бичихгүй, оросоос орчуулсан зүйлд Улан-батор, Хас-батор гэсэн нэрийг Улан-батор, Хас-батор гэж бичихгүй Улаанбаатар, Хасбаатар гэж бичих маань сайхь зарчмыг баримталж яваа юм шүү дээ. Гагцхүү алдаг оног явж байгаа нь, тууштай болгож, түүгээрээ энэ тухайн боловсролын буурийг алдахгүй болгох нь бидэнд хэрэгтэй болж байгааг орчуулагч редакторууд хичээвэл зохих байна.
                Эл дэлхий нийтийн зарчмаар монгол хэл бичигт Намсрайн буулгасан зохиолчийн овог нэрийг Гюго Виктор гэж хэрэглэх нь манай хэлний ёс зүй байна. Тэгтэл, бас нэг асуудал босоод ирнэ. Өнөөх зохиолчийн овог нь монголоор ГЮГО гэж бичих нь зөв үү? Гэхэд, тэр хүн Франц тул латин үсгээр бичсэн байдаг байна. Латин үсэг бол, олон улсын үсэг, Манай хэрэглэж байгаа энэ кирил үсэг бол, бас олон улсын үсэг тул латин кирил хоёр үсгийн харилцан оноосон журам дэлхийн хэмжээгээр байдгийг бид мэдэх ёстой болоод байна. Орчуулагч, нэн ялангуяа редактор хүн заавал мэдэх ёстой болоод байна. Дэлхийн хэмжээгээр тэр харьцааг аль ч улсын уншигчаас шаардах хэрэгцээ байдаггүй боловч орчуулдаг орчуулгыг эхтэй нь хянан тохиолдуулдаг хүн түүнийг заавал мэдэх боловсролын шатанд хүрсэн байх нь орчин үеийн соёлт улсын шаардлага гэдгийг бид мэдэх цаг хэмжээнд улс ардын хөгжлөөр хэдийн хүрсэн байна. Латин үсгийн Н бол, кирил үсгийн Х-тэй дүйдэг тул ГЮГО гэж монголоор бичихгүй. Хюго гэж бичих ёстой байсныг францаас орчуулагч Намсрай, орчуулгын редактор Амар хоёулаа бодсонгүй, Орос бичигт ГЮГО гэж байдгаас хойш, Хюго биш, Гюго мөн байна гэж ухаарчээ. Гэтэл, яагаад хэдийнээс оросоор ГЮГО гэж бичих болсон учрыг ухаарсангүй ажээ.
                Намсрайн, одоо ХХ зууны хоёрдугаар хагаст орчуулсан тэр зохиолыг Орос хэлнээ анх 103 жилийн өмнө 1862 онд товчлон орчуулж өргөн олон уншигч олондоо танилцуулжээ. Тэр зуу гаруй жилийн өмнөх орос үсэгт латин үсгийн Н-г Г үсгээрээ тэмдэглэдэг заншил байсан нь, Г үсгээ Г-Х ийм хоёр янзаар дууддаг байсан байна. Громада гора гэх мэтийг Хромада хора гэж дууддаг тэр ёс нь өмнөд орос, украйн зэрэг хэл аялгуунаа одоо ч бий бөгөөд Европ зүгийн зохиолын орчуулга нь Г-г Х гэж дууддаг нутгаас үүсэн гарч заншсан уламжлал хэдэн зуун жил үргэлжилж анх орос хэл бичигт тэр уламжлал ёсоор Хюго гэдгийг Гюго гэж бичсэнээс хойш зуу гаруй жилийн дотор хэдэн үеийн орос уншигч нар ГЮГО гэж заншаад, одоог хүртэл нэг хэсэг нь Гюго гэж , нэг хэсэг нь Хюго гэж уншсаар ирсэн орос хэл бичгийн тухайн үеийн түүхэн уламжлал заншил тогтжээ. Одоо орос хэлэнд грек-латин соёлт улсын үг нэр шинээр ороход, орос орчуулагч редактор, зохиогч эрдэмтэн, грек-латин-кирил үсгийн орчин үед нарийн тогтсон харьцааг баримтлан, латины Н үсгийг орос кирил үсгээр Х гэж орчин үеийн нэрийн зүйл бичдэг болсон нь холл, хеминсфера, хулиган Хэмингуей гэж бичих боллоо. Зуу гаруй жилийн өмнө эдгээр үсгийг орос хэл бичигт орчуулбал голл, геминсөера (ф үсгийг тэр үед орос үсэгт фита гэж нэртэй ө үсгээр бичдэг байжээ.гулиган Гемингуей гэж бичих байсан байжээ. Тийнхүү Намсрайн францаас орчууллаа гэхдээ зохиогчийн нэрийг ХХ зууны хоёрдугаар хагаст монгол хэл бичигт орчуулахдаа Николай хааны үед, өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст тэр үеийн орос орчуулагчийн бичлэгийн байдалд оруулжээ. Ёс зүйг бодоход, ХХ зууны хоёрдугаар хагасын монгол хэл бичгийг баяжуулахад, шал өөр түүхийн уламжлал байдлыг баримтлаагүй, орчин үеийн олон улс нийтийн интернационал зарчим баримталж, түүгээрээ орчуулагч редактор хоёулаа орчин үеийн боловсролтой хүн , монгол уншигч олноо, монгол хэл бичгээ дэлхий нийтийн алдарт зохиолоор баяжуулах үүрэгтэйгээ бодоогүй бололтой...

Үргэлжлэл бий.

Сурвалж: http://translationclub.blogspot.com/2014/09/blog-post_15.html