Showing posts with label Албан бичгийн загвар. Show all posts
Showing posts with label Албан бичгийн загвар. Show all posts

2014-10-02

Орчуулагчдын дүрэм

ОРЧУУЛГЫН БЛОГ

ЗӨВХӨН ОРЧУУЛГЫН ТУХАЙ

Сурвалж: http://mongoliantranslation.blogspot.com/2010/05/blog-post_04.html#more 
Орчуулагчдын Олон Улсын Холбоо нь 1953 онд байгуулагдсан орчуулагчдын олон улсын сайн дурын байгууллага юм. Түүний дүрмийн хоёрдугаар бүлэгт зааснаар уул байгууллагын зорилт нь:

-Орчуулагчдын Олон Улсын Холбоо нь дан орчуулгын мэргэжил, шинжлэх ухааныг үйл ажиллагааныхаа үндэс болгох;

-Янз бүрийн оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа орчуулгын ажил эрхэлсэн байгууллагыг нэгтгэх зорилт тавьж, тийм байгууллагагүй улс оронд зохих байгууллага байгуулахад тус дөхөм үзүүлэх, гишүүн байгууллагыг шаардагдах мэдээлэл, зөвлөмжөөр хангах, орчуулагчдын сонирхолд зохицсон нөхөрсөг харилцааг байгууллагын хооронд тогтооход дөхөм үзүүлэх, аль нэгэн байгууллагын хооронд гарч болзошгүй зөрөлдөөнийг арилгахыг эрмэлзэх, дэлхий дахины орчуулагчдын эдийн хийгээд оюуны эрхийг хамгаалах;

-Олон улсын хэмжээнд тухайлбал засгийн газрын ба засгийн газар хоорондын олон улсын байгууллагад мэргэжлийн орчуулагчдыг төлөөлөх үүргийг өөртөө хүлээхийн гадна орчуулга ба орчуулагчдын асуудлаар болох олон улсын хуралд төлөөлөгчөө оролцуулах, тэдэнд хамаарах хэвлэл нийтлүүлж улмаар хурал, уулзалт зохион байгуулахад нэмэр хандиваа оруулах;

-Орчуулгын бүхий л хэлбэрийн онол, практикийн хөгжилд анхааран дэлхий дахинд соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

Энэ байгууллагад одоо гучаад орны орчуулагчдын үндэсний байгууллага нэгдээд байна. Орчуулагчдын Олон Улсын Холбоо 1955 оны 3-р сараас эхлэн БАБЛЬ (ВАВИЛОН) нэртэй улирал тутмын сэтгүүлийг ЮНЕСКО-тай хамтран гаргаж байна. Холбоо Парист байнга байрладаг боловч сэтгүүл нь БОННД хэвлэгдэнэ. Библи хэмээх шашны хөлгөн сударт гардгаар хэлний олон янз байхын шалтгаан болсон Вавилоны өндөр цамхгийн тухай домгийг үндэслэн сэтгүүлийг ийнхүү нэрлэжээ.

Орчуулагчдын Олон Улсын Холбооноос гаргасан “Орчуулагчдын дүрэм”-ийг “Бабль” сэтгүүлийн 1960 оны 2 дугаараас монгол хэлнээ орчуулан хэвлэв.


* * *

Орчин үед орчуулга бол хүмүүсийн үйл ажиллагааны өдөр тутмын, байнгын зайлшгүй хэлбэр болон хэвшиж, улс түмний хоорондын эдийн ба оюун санааны харилцааг боломжтой болгон тэдний амьдралыг баяжуулж, хүмүүс өөр хоорондоо улам сайн ойлголцоход тус дөхөм болж орчуулга хийж байгаа нөхцөл хэдийгээр янз янз боловч манай үед орчуулга нь биеэ даасан мэргэжил болсныг тэмдэглэн орчуулгын нийгмийн үүргийг тодорхойлох, орчуулагчдын эрх үүргийг тодруулах, орчуулагчдын ёс суртахууны үндэслэлийг бий болгох, орчуулгын үйл ажиллагааг явуулж байгааг эдийн засаг, нийгмийн нөхцөлийг сайжруулах орчуулагч ба мэргэжлийн байгууллагад тод чиг шугам заан зөвлөж өгөх, үүгээрээ орчуулгыг тодорхой, биеэ даасан мэргэжил болгон орчуулагчдын мэргэжилтэй салшгүй холбоо бүхий зарим гол зарчмыг албан ёсны баримт бичгийн хэлбэрээр үйлдэн орчуулагчдын үйл ажиллагаагаа явуулахад удирдлага болгохоор дүрмийг нийтэлж байна.

Нэгдүгээр анги
Орчуулагчдын үүрэг

1. Утга зохиол, шинжлэх ухаан, техникийн бичиг баримтыг нэг хэлнээс нөгөө хэлээр дамжуулах үүрэг бүхий оюун ухааны үйл ажиллагаа болсон орчуулга нь түүний мөн чанараас үүдэн гарсан онцгой үүргийг орчуулга хийж байгаа хүмүүст ноогдуулж байна.

2. Ямар ч гэрээ хэлэлцээр орчуулгыг хэрэглэж байгаа хүмүүс байгууллагыг орчуулагчтай холбож байлаа ч гэсэн орчуулгаа зөвхөн орчуулагч өөрөө хариуцна.

3. Орчуулагч өөрөө үл зөвшөөрсөн буюу мэргэжлийн үүрэг зорилттой нь харшилж байгаа тийм тайлбарыг орчуулгад нь хийх явдлыг орчуулагч зөвшөөрөх ёсгүй.

4. Ямар ч орчуулга эх зохиолын утга санаа, хэлбэрийг үнэн, яг зөв илэрхийлсэн байх ёстойн дээр ийнхүү үнэн зөв ёсыг баримтлах нь орчуулагчийн хууль ёсны бөгөөд ёс суртахууны үүрэг болно.

5. Үнэн орчуулгыг үгчилсэн орчуулгатай хутгаж болохгүй. Тэгэхдээ өөр хэлээр, өөр улс оронд зохиолын хэлбэр, байдал, дотоод утга агуулгыг зөв ойлгуулах зорилгоор зайлшгүй засвар хийх нь зөв орчуулгын ёсонд харшлахгүй.

6. Орчуулагч нь эх зохиолын хэлийг сайн мэдэх ба ялангуяа орчуулга хийж байгаа хэлийг бүрэн эзэмшсэн байх нь онц чухал болно.

7. Үүнээс гадна орчуулагч нь гүнзгий боловсролтой бөгөөд юуны тухай бичигдсэнийг хангалттай мэдэж байх ёстой. Өөрийн мэдэхгүй салбарт орчуулга хийхээс орчуулагч түдгэлзэх нь зүйтэй.

8. Өөрийн мэргэжлийн ажилдаа орчуулагч хүн шударга бус аль нэгэн өрсөлдөөнөөс зайлсхийх нь чухал. Тухайлбал хууль дүрэм, тусгай тогтоол, тогтсон ёс, мэргэжлийн байгууллагаас тогтоосон хөлс шагналаас доогуур шан харамжийг орчуулагч зөвшөөрөх ёсгүй.

9. Мэргэжлий нь буюу өөрий нь басамжилсан нөхцөлд орчуулагчид ажил эрэх буюу ажилд орохыг зөвшөөрөх ёсгүй.

10. Өөрт нь итгэмжлэн өгсөн орчуулгыг орчуулагч хийж байхдаа мэдээ сэлтийг мэргэжлийн нууц гэж үзэж орчуулгыг хэрэглэж байгаа хүмүүс, байгууллагын хууль ёсны сонирхлыг хүндэтгэж байх үүрэгтэй.

11. Орчуулагч нь “хоёрдугаар” зохиогчийн хувьд эх зохиолын зохиогчид хандахдаа өөртөө онцгой үүрэгтэй байх ёстой.

12. Эх зохиолын зохиогч буюу түүнийг эзэмшиж байгаа хүний зөвшөөрөлгүйгээр орчуулагч орчуулга хийх ёсгүйн дээр зохиогчийн бусад эрхийг хүндэтгэх ёстой.

Хоёрдугаар анги
Орчуулагчдын эрх

13. Орчуулагчийн ажиллаж байгаа улс орноос оюуны хөдөлмөрийн ажилтанд ноогдуулдаг бүх эрхийг орчуулагч бүхэн эдлэх ёстой.

14. Орчуулга бол оюуны хөдөлмөрийн үр дүн мөн болохоор ийм төрлийн ажилд зориулагдсан хуулиар түүний хөдөлмөрийг хамгаална.

15. Ийнхүү орчуулагч нь өөрийн орчуулгадаа зохиогчийн эрхийг эдэлж эх зохиолын зохиогчийн эдэлдэг хөнгөлөлтийг үзнэ.

16. Түүнчлэн орчуулагч нь өөрийн орчуулгын хувьд ёс суртахууны бүх эрх, мөн зохиогч хүнд ноогддог өв залгамжлуулан үлдээх эрхийг эдэлнэ.

17. Орчуулагч нь амьд ахуй цагтаа хийсэн орчуулгынхаа зохиогч байх эрхтэй. Үүнд:

а) түүний орчуулгыг олон нийтэд зориулан нийтлэх бүрд нэр алдры нь үнэн зөв гаргаж байх ёстой;

б) өөрийн орчуулгыг гуйвуулах, хураангуйлах буюу түүнд бусад ямар нэгэн өөрчлөлт оруулахыг орчуулагч татгалзах эрхтэй;

в) орчуулгыг хэрэглэж байгаа хэвлэн нийтлэгч хүмүүс орчуулагчтай урьдчилан тохиролцоогүйгээр түүнд ямар нэгэн өөрчлөлт оруулж болохгүй;

г) орчуулагч нь түүний орчуулгыг зүй бусаар ашиглахыг хориглох эрхтэйн дээр түүний нэр алдрыг гутаахад чиглэгдсэн аливаа нэгэн явуулгыг эсэргүүцэх эрхтэй.

18. Орчуулагч нь өөрийн орчуулгыг хэвлэх, тайзан дээр тавих, радиогоор нэвтрүүлэх, бусад хэлээр орчуулах, хялбарчлан тайлбарлах, засварлах болон түүнд бусад өөрчлөлт оруулах зэрэг ямар нэгэн хэлбэрээр ашиглахад зөвшөөрөл олгох онцгой эрхийг эдэлнэ.

19. Орчуулгыг ямар нэгэн хэлбэрээр хэвлэн нийтлэхэд орчуулагч нь хууль буюу гэрээ хэлэлцээрээр тогтоосон журмын дагуу шагнал авах эрхтэй.

Гуравдугаар анги
Орчуулагчдын эдийн засаг ба нийгмийн байдал

20. Орчуулагч нь түүнд ноогдуулсан нийгмийн хэрэг үйлсийг бүрэн дүүрэн гүйцэтгэж болохуйц амьдралын нөхцөлөөр хангагдсан байна.

21. Орчуулагч нь өөрийн бүтээлийн гүйцэтгэлээс хувь авах ёстой. Тухайлбал түүний орчуулсан зүйлээс олсон худалдааны ашгаас зохих шан харамжийг авах эрхтэй.

22. Зарим үед тусгай захиалгаар орчуулга хийж болно. Ийм үед орчуулагч нь орчуулгын зүйлээс олсон худалдааны ашгаас хамаарахгүйгээр шан харамж авах эрхтэйг дурдах хэрэгтэй.

23. Орчуулгын мэргэжил нь бусад чөлөөт мэргэжлийн нэгэн адил улс орон бүхэнд цалин хөлсөнд тавих хяналт, хамтын гэрээ болон бусад гэрээгээр чөлөөт мэргэжлийг хамгаалах эрхээр хангагдана.

24. Улс орон бүхэнд орчуулагчид нь нийгэм хангамжийн бүх хэлбэрүүд тухайлбал оюуны хөдөлмөрийн ажилтанд ногддог нас өтөлсний тэтгэвэр, өвчлөх, ажилгүй болох хийгээд олон хүүхэдтэй үеийн тэтгэмж авах эрхээр хангагдана.

Дөрөвдүгээр анги
Орчуулагчдын нэгдэл холбоо

25. Орчуулагчид нь бусад чөлөөт мэргэжлийн хүмүүсийн нэгэн адил мэргэжлийн нэгдэл холбоог зохион байгуулах эрхтэй.

26. Эдгээр байгууллагын үүрэг нь орчуулагчдын ёс суртахууны ба материалын сонирхлыг хамгаалахын зэрэгцээ орчуулгын чанарыг сайжруулах, орчуулгатай холбогдсон бусад бүх асуудлыг хянан үзэхэд оршино.

27. Орчуулагчдад хамаарах хууль зүйн арга хэмжээ, дүрэм боловсруулахын тулд эдгээр байгууллага нь засгийн газрын байгууллагатай холбоо тогтооно.

28. Нийтлэг асуудлыг судлан шийдвэрлэхийн үүднээс орчуулгыг хэрэглэж байгаа (хэвлэн нийтлэгчдийн холбоо, үйлдвэр худалдааны газар, улсын болон хувийн байгууллага, хэвлэл зэрэг) байгууллагатай бололцооны хирээр байнгын холбоотой ажиллана.

29. Эдгээр байгууллага нь өөрсдийн улс оронд орчуулгын чанарт анхаарч соёлын байгууллага, зохиолчид, ПЭН-ийн [1] үндэсний байгууллага, уран зохиолын шүүмжлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, техникийн институттэй холбоотой ажиллана.

30. Орчуулагчид ба орчуулгыг ашиглагчдын хооронд гарсан элдэв маргаанд жууч буюу зөвлөгчөөр оролцоно.

31. Орчуулгын боловсон хүчин сургах, тэдний эгнээг өргөтгөх тухай асуудлаар эдгээр байгууллага өөрсдийн саналыг дэвшүүлэн тавих ба уул зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тусгай байгууллага, их дээд сургуультай хамтран ажиллана.

32. Эдгээр байгууллага нь мэдээллийн онол практикийн албаныг зохион байгуулахын тулд орчуулагчдын сонирхсон боломжийн бүх мэдээ, эх баримтыг цуглуулж тэдгээрийг номын сан, хавтас, тойм, мэдээний хэлбэрээр орчуулагчдад хүртээл болгож хурал, семинар зохион байгуулна.

Тавдугаар анги
Орчуулагчдын үндэсний байгууллага ба олон улсын холбоо

33. Нутаг дэвсгэрийн шинж чанараар буюу тодорхой категорид хамаарагдаж орчуулагчид нь хэд хэдэн хэсэг, бүлэгт хуваагдсан оронд эдгээр саланги хэсэг бүлэг нь өөрсдийн биеэ даасан байдлыг хадгалан хүчин чармайлтаа нэгтгэхийн үүднээс үндэсний байгууллага байгуулах нь зүйтэй.

34. Орчуулагчдын нэгдэл холбоо байхгүй улс оронд өөрсдийн орны хууль зүйд зохицуулан ийм байгууллага байгуулахын тул хүчин чармайлтаа нэгтгэхийг орчуулагчдад зөвлөж байна.

35. Дэлхий дахины хэмжээгээр нийтлэг зорилтоо хэрэгжүүлэх зорилгоор Орчуулагчдын Олон Улсын Холбоонд (ООУХ) элсэхийг үндэсний байгууллагад зөвлөж байна.

36. Үндэсний байгууллагадаа болон Орчуулагчдын Олон Улсын Холбоонд орчуулагчдын элсэх нь сайн дураар гүйцэтгэгдэнэ.

37. Орчуулагчдын Олон Улсын Холбоо нь дэлхий дахины хэмжээгээр орчуулагчдын ёс суртахууны болон материалын сонирхлыг хамгаалж орчуулгын онол практикийн хөгжилтөд анхааран дэлхий дахинаа соёл боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд бололцооны хирээр тус дөхөм үзүүлнэ.

38. Орчуулагчдын Олон Улсын Холбоо нь дэлхий дахины хэмжээнд орчуулагчдыг төлөөлж засгийн газрын болон засгийн газрын биш мөн засгийн газар хоорондын байгууллагатай холбоо тогтоон олон улсын хэмжээгээр орчуулагчид ба орчуулгын сонирхол татаж байгаа зөвлөлгөөнд оролцож орчуулгад хамаа бүхий асуудлаар их хурал зохион байгуулах замаар уул зорилтыг хэрэгжүүлнэ.

39. Орчуулагчдын Олон Улсын Холбоо нь үндэсний байгууллагын ажлыг олон улсын хэмжээгээр үргэлжлүүлж тэдгээрийн хүчин чармайлтыг зохицуулан чиг шугамыг тодорхойлно.

40. Орчуулагчдын Олон Улсын Холбооны үндэсний нийгэмлэг, тэдгээрийн төвийн байгууллага нь орчуулагчдыг нэгтгэж байгаа эв санааны нэгдлийн санаагаар, улс түмний өөр хоорондоо улам сайн ойлголцох ба дэлхий дахинд соёлыг түгээн дэлгэрүүлэхэд тус дөхөм болохуйц орчуулгын давуутай тал дулдуйдан мэргэжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд зайлшгүй хүчин чармайлтыг гаргана.

“Орчуулах эрдэм” ном
1976 он

Зүүлт:

[1] ПЭН клуб – Улс төр, уран бүтээлийн талаар янз бүрийн чиглэл бүхий зохиолчдын олон улсын нэгдэл. Английн зохиолч Ж.Голсуорси, К. А. Даусан-Скотт нар 1921 онд үндэслэн байгуулжээ. Одоо 50 гаруй орны үндэсний 60 орчин байгууллагыг өөртөө нэгтгэж байна.

2014-09-17

ТАЗОС: Эх хэлээ эрэмдэглэж хаясан эзэд нь!

Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)

Эх хэлээ эрэмдэглэж хаясан эзэд нь!

Эх сурвалж: bayarkhuu.niitlelch.mn 2013 оны 3 сарын 29
Бичсэн: Д. Баярхүү

Монгол хэл маань төрийн хамгаалалтад байх ёстой, эх хэлээ мартвал тусгаар тогтнолоо алдахын цондон ...  гэж ирээд л  манай хэл бичгийн эрдэмтэн мэргэд үе үе хуралдаж сүйд болдог. Ардчиллын 23 жилд иймэрхүү агуулгатай хурал зөвлөлгөөн, санал дүгнэлт, ярилцлага, уриалга, өргөх бичиг тоогоо алдсан даа. УИХ-д суугаа 76 нөхөрт монгол хэлний хичээл заа гэвэл уухайлаад очиход яг бэлэн. Төрийн яамд, агентлагуудаар монгол хэлний курс дугуйлан байгуулаадхавал манай багш нар яасан дуртай очицгоох бол?

Гол учир нь Монголын төр төрөлх монгол хэлээ ойшоож үзэхгүй байгаад биш юм аа. Харин ч төрийн хэлээ, албан бичгийн хэлээ Монголын төр хамгаалсаар хөгжүүлсээр яваа гэдгийг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд би сөргүүлж хэлмээр байна. Хаа очиж манай улс Төрийн 4 тэргүүний нүүр үзэхэд тэд нь төрөлх монгол хэлээ төгс төгөлдөр эзэмшсэн хүмүүс байж ирсэн ба тэдний монгол хэлний боловсролд эх хэл минь гээд өнөөдөр халаглаад суугаа тэдгээр эрдэмтэд багшилж гэгээрүүлээд байсан нь юу л бол?

Ц.Элбэгдоржийн урнаар илтгэх чадвар, үгийн барагдашгүй их баялаг, орос боловсролтой  С.Баярын монгол хэлээрээ үгийн ганц ч хий гаргахгүй ярих чадвар, тэс хөндлөгийн биохимич Баабарын монгол хэл бичгийн яндашгүй их чадвар, хэвлэлийн инженер Ц.Гомбосүрэнгийн хөрвүүлгийн их авьяасыг манай хэл бичгийн эрдэмтэн мэргэд хөглөж хурцалж өгсөн гэдэгт би л лав итгэхгүй байна. Харин ч эдэн шиг ярьж илтгэж, бичиж, орчуулж чаддаг монгол хэлний эрдэмтэн ховор байх шүү. Эд бол насан туршдаа монгол хэлэндээ сурч суралцаж байгаа хүмүүс. Хүнээсээ л шалтгаална гэсэн дүгнэлт хийж байна.

Эх хэлэнд маань аюулын харанга дэлдлээ гэдгийн эсрэг би байдаг боловч үндэсний хэл бичгээ хайр гамгүй хэрэглэн эрэмдэглэж байгааг хэл бичгийн эрдэмтдийн адил бас хүлээн зөвшөөрдөг. Тэгэхдээ учир шалтгааныг нь реалистаар зөв олж харах хэрэгтэй хэмээн халаглагч эрдэмтэд мэргэддээ зөвлөмөөр байдаг юм.
 

Энэ чинь хаалттай тэр социализмын үе маань биш шүү дээ. Дэлхийд нээлттэй Монгол. Хөгжил гэрлийн хурдаар. Даяаршил нь дангааршлаасаа давчихсан мэдээллийн эрин зуун. Цахим технологиор дамжаад Монголд өдөр бүр, цаг тутам шинэ мэдлэг мэдээлэл нэвтэрч байна. Монгол хэлнээ хөрвүүлж буулгаж хүчрэхээргүй өдий төдий үг хэллэг, нэр томъёо орж ирж байна. Даяаршлын хурдны аяыг эх хэл маань дааж хүчрэхгүй байна гэдгийг бас зөвшөөрөх хэрэгтэй.
 

Эх хэлэнд маань аюулын харанга дэлдлээ гэж хавтгайд нь харлуулж, төрдөө гоморхож суухаар юуны өмнө тэр эрэмдэглэж хаясан тодорхой эзэд рүү нь хандмаар байна.
 
·        Эзэд гэдэгт хэнийг нэрлэх вэ гэвэл юуны өмнө манай хэл бичгийн эрдэмтэн мэргэдийн өөрсдийнх нь сургаж боловсруулж бэлтгэн гаргаж буй монгол хэл–уран зохиолын багш нарын томоос том арми байна. Битгий голгодол гарга, тэднийгээ жинхэнэ националистууд болгож бэлтгэ гэж уриалмаар байна.
·        Эзэд гэдэгт манай сэтгүүлчдийн томоос том арми араас нь жагсана. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл–сонин, телевиз, FM ажиллуулагч, бичигч хөтлөгч энэ олон мянган нөхөд бол эх хэлээ чухам нүдний цөцгий мэт хайрлах ёстой үүрэгтнүүд биш гэж үү? Хэлэлцээ, хэлэлцээр хоёроо ялгаач ээ хэмээн би бараг 20 жил бичиж байна. Ялгасан юм байхгүй мэдэмхийрэх сэтгүүлчид минь орчуулгын уран зохиолын ном их уншаач, дээр үеийн гадаадын уран зохиолын орчуулгыг судлаач ээ гэж уриалмаар байна. 
·        Шар сониныхон гэж сэтгүүлчид дотроо хамгийн их нөлөөтэй нь. Чухам шар сонин л орчин цагийн монгол хэлийг тодорхойлж байгаа нь худал биш гэж үү? Шар сонины сэтгүүлчидтэй монгол хэлний эрдэмтэд минь очиж ажиллаач ээ гэж би уриалж байна
·        Эзэд гэдэгт манай урлагийнхан хүндтэй байрыг эзэлнэ. Энд шог хошин урлагийн жүжигчид маань хэл бичгийн эрдэмтэн мэргэдээс хамаагүй дээгүүр нэр хүнд,  нөлөөтэй, ард түмэнд. Ард түмний олонхийн тархийг эд л ёстой угааж байх шиг. Шог хошин урлагийн жүжигчидтэй монгол хэлний эрдэмтэд минь очиж ажиллаач ээ гэж би уриалж байна. Шашин бол ард түмнийг мунхруулагч хар  тамхи мөн гэдэг шиг наад хошин урлаг чинь ард түмэнд ёстой хар тамхи мэт очиж нөлөөлж байна. Үнэнийг хэлэхэд орчин цагийн монгол хэлийг хошин урлаг л тодорхойлж байгаа бус уу? 
·        Хошин урлагийнхны араас нийтийн ба зохиолын дууны арми жагсана. Үг зохиогч нар минь эх хэлээ хайрлаж хамгаалаач ээ. Та нар эх хэлний оршин тогтнолд маш том үүрэг хариуцлага үүрч байгаа шүү гэж уриалъя. 
·        Эх хэлээ эрэмдэглэж хаясан эзэд гэдэгт орчуулгын киноныхон бас хүндтэй байрыг эзэлнэ. Үзүүлж л байвал барав гэсэн алтан дүрэм тэнд үйлчлэх ба түүнд эх хэлний хэмжүүр, зохиогчийн эрх гэх юм алга. Гадаадын энэ олон киног хувийн ТВ-үүд уралдан үзүүлж байгааг харахлаар цаадуул нь зохиогчийн эрхийн асуудал босгож тавиад олон улсын оюуны өмчийн байгууллагаар дамжин шүүхдвэл яана даа гэж би айдаг юм. 
·        Реклам зар сурталчилгааны бүхэл бүтэн арми байна. Сурталчилж борлуулж л байвал барав гэсэн алтан дүрэм тэнд үйлчлэх ба түүнд эх хэлний хэмжүүр ёстой падгүй.
·        Гандан хийд, Дашчойлон хийд, бусад том том хийдүүд бол орчин цагийн монгол хэлний оршин тогтнох, хөгжин дэвжихэд ихээхэн үүрэгтэй мэт. Мэдэхгүй тангад хэлээр хурал номоо дүнгэнүүлэх бус, монгол хэлээрээ суртлаа явуулах цаг болсон юм биш үү? Оройтлоо!
·        Айл болгон бөөтэй болчихсон гээд байгаа. Бөөгийн шашны бөө, удган, зайран нар минь эх хэлээ мөхөөчихгүй, авч үлдэх тэмцэлд Та нар ихээхэн үүрэгтэй болох нь байна шүү!
Манай хэл бичгийн эрдэмтэн мэргэдийн ажиллах талбар, ажиллах эздийг би дээр заагаад өгчихлөө. Миний манж хэлний багш Ц.Шархүү гэж ёстой нэг эрдэмтэн МУИС-д багшилж байв. Бидэнд юу гэж захидаг байсан гээч. “Явж явж бид Өвөр Монголоос монгол бичгийн багш нараа залах үе ирнэ шүү. Уйгаржин монгол бичгээ тэднээр заалгаж хөглөнө дөө!” гэсэн юм. Аль 1970-аад онд тэгж хэлж байсан нь мөн холыг харсных. Өвөр Монголын “Монгол одон телевиз” монгол хэлний сонголт, найруулга, хэллэгээрээ манай зарим хувийн ТВ-ээс давж байх шиг санагддаг юм даа. Дүгнэлтээ хий!  

ТАЗОС: Эх хэлний чадвар хувь хүний хөгжлийг харуулдаг

Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)

Эх хэлний чадвар хувь хүний хөгжлийг харуулдаг

Профессор Ж. Баттөр /МУИС, ОУХС/

Түүхийн хуудсууд
Монгол хэл бол дэлхийн эртний хэлнүүдийн нэг юм. Хэдийгээр тун цөөхөн баримт үлдсэн, түүхэн урт удаан хугацаанд асар их өөрчлөгдсөн ч бүр Хүннүгийн үеэс л үндсэн нэр томъёо, хэллэгүүдтэй болчихсон байсан нь эртний түүх сурвалжид тэмдэглэн үлдсэн зарим үгс харуулдаг. Жишээлбэл, Хүннүгийн хаан эзнийг заасан “шаньюй” гэдэг үг байна. Энэ үгийг Ринчен гуай хэл шинжлэлийн түүхэн харьцуулалтын аргаар сэргээн өнөөгийн хэлбэр нь “сайн” гэсэн үг, эдүгээ яамдын сайдын “сайд” гэдгээр хэрэглэж байгааг олж тогтоосон.
Мөн Хүннүгийн төрийн албан тушаалтны нэрсийн жагсаалтанд байсан “хэлмэрч”, “бичээч” гэх мэт үгсийг одоо ч хэрэглэсээр байгаа. Яагаад энэ бүхнийг тоочоод байна гэхээр Монгол хэл түүхэн урт хугацаанд боловсорсоор сонгодог хэлбэртээ хүрсний нотлогоо юм.
Монгол хэл бас маш баялаг хэл. Эртний Энэтхэг, төвдийн гүн ухаан, шашны ном судраас өгсүүлээд, Хятадын сонгодог романууд, Оросын хийгээд Өрнөдийн ямар ч бүтээлийг огтхон ч төвөггүй дуун хөрвүүлсээр ирсэн чадамжтай. Бүр 14-р зуунд Македоны Александрын намтар “Сулхарнайн тууж”-ийг перс хэлнээс Монгол хэлнээ орчуулсан орчуулгын зарим хуудас олдсон бөгөөд АНУ-ын Харвардын монголч эрдэмтэн Ф. Вүүдмэн Кливез нарийвчлан судлаж томоохон бүтээл туурвисан. Юань гүрний араас гарсан Хятадын Мин улс гадаад улс орнуудад явуулж байсан дипломат албан захидлуудаа монгол бичгээр, монгол хэлээр явуулж байсан нь өнөөг хүртэл хадгалагдаж байна. 
Монголын эзэнт гүрний дараа Монголын эзэмшилд байсан Зүүн хойд Азийн улс орнуудад ноёрхолоо тогтоож Чин гүрнийг байгуулсан манж нар монгол бичгийг төрийн бичгээ болгосон юм. Солонгосчууд ч 15-р зуун хүртэл үндэстний бичиг үсэггүй явсан бөгөөд 1446 онд Сежун хаан нь “Хангыл” хэмээх үндэстний бичгийн цагаан толгойг хэлзүйч эрдэмтэдээрээ зохиолгосон. Харин хангыл үсгийн дийлэнх зурлага нь монгол бичгийн зурлагатай ихээхэн төстэй, бараг ижил байгаад гадаадын эрдэмтэд ялангуяа АНУ-ын түүхч Гэри Ледъярд нар анхаарлаа хандуулсан байдаг. Харин солонгосчууд өөрсдөө “манай Сежун их хааны хосгүй гайхамшигт бүтээл” гээд монгол үсгийн үүргийг төдийлөн гүйцэд үнэлдэггүй юм. Үүнээс гадна Монголын эзэнт гүрний үед болон түүний бутарсанаас хойш зохиогдсон  монгол болон хятад, солонгос, араб, перс, латин, түрэг, согд уйгар толь бичгүүд олноороо олдсоор байгаа нь Монгол хэл дэлхий дахинаа хичнээн нөлөөтэй байсныг харуулж байгаа юм.
Ринчен гуай Монгол хэлэнд наад зах нь нэг сая гаруй үг бардам бий гэж бичсэн байдаг.

Ийм түүхтэй өнөр баян монгол хэл өнөөдөр ямар байна вэ?
Өнгөрсөн хорин жил бүтэх бүрэхгүй элдэв дүрэм “зохиож”, туршилт хийсээр байгаад монгол хэлээр уран зөв найруулан бичдэг тун цөөхөн боллоо. /Гэтэл 18-р зууны франц хэл одоогийн франц хэлэнд онцын ялгаа байдаггүй гэдэг./
Оюутнууд, магиструудад хичээл зааж байхад монгол хэлээ мэддэггүй залуус маш их болсон нь анзаарагддаг. Наад захын өргөдөл, албан бичиг, эсээ ч бичиж чадахгүй оюутан магистрант их байна. АНУ-ын их дээд сургуулиуд элсэн орохыг хүсч буй хэнийг ч байсан англи хэлээрээ буюу өөрсдийн эх хэлээр эсээ нэртэй зохион бичлэг бичүүлдэг. Орос, Хятад хоёр эх хэлний боловсролыг төрөөсөө анхаарсаар олон улсын стандарт шалгалт авч байна. Хэлний чадвар тогтоох ийм стандарт шалгалтын хятад хэлнийхийг HSK, солонгос хэлнийхийг TOPIK гэхчилэн нэрлэдэг. Эдгээр шалгалтыг өгч, 3 юм уу, 4-р түвшинд тэнцэж байж тухайн улсад суралцах эрх нь нээгддэг. Монгол хэл ч ийм жишиг шалгалттай болмоор байгаа юм. Ганцхан манай хэл шинжлэлийн эрдэмтэд хувь хувийн амбицдээ баригдаад нэгнийхээ ялангуяа залуу эрдэмтдийн санаа бодлыг ердөө ч хүлээн зөвшөөрдөггүй.
Хүүхдүүдэд туйлын ойлгомжгүй, хүнд нүсэр, хэтэрхий адармаатай хэлзүй заасаар байгаад 11-12 жил болдогийг болиулж, хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн, нэн сонирхолтой тайлбарт хэлзүйтэй, хэрэглээ тал нь давамгайлсан сургалтын агуулга, хэлбэрийг сонгомоор байна. Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу сэтгэлгээний түвшинг өсгөх үе шатлал бүхий эсээ бичүүлэх, албан бичгийн хэлбэрүүдийг бичүүлж сургах, монгол хэл дээр суурилсан гадаад хэл заах зэрэг шинэтгэлүүд хиймээр байна.
Монгол улс төрийн албандаа монгол хэл ялангуяа бичгийн хэл сайн эзэмшсэн хүнийг сонгон авч баймаар байна. Ингэж л үүрэг нөлөөг нь өндөрсгөж байж монгол хэлний нэр хүнд өснө. Наад зах нь гадаад хэл сайн эзэмшсэнээс гадна эх хэлээрээ бичих чадвар сайтай хүнийг Гадаад харилцааны Яам сонгож авах хэрэгтэй байгаа юм.  Ямар ч байсан Монгол улс хэлний бодлогоор хөршөөсөө хоцорч огтхон ч болохгүй. Хэлтэйгээ байгаа үндэстэн тийм амар бусдын атганд ордоггүй. 

Эх хэлний чадвар улс төрчдөд ч хамаатай
Хэл бол хүний сэтгэлгээ, дотоод ухамсартай салшгүй холбоотой байдаг бөгөөд хэл шинжлэлийн энэ салбарыг “Сэтгэц хэлшинжлэл” гэдэг. Сэтгэлгээ сайтай хүн аливаа юм үзэгдлийн талаар гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй сэтгэж түүнийгээ нэн оновчтой илэрхийлж чаддаг. Аль ч үед хэл бичгээ гойд сайн эзэмшсэн хүнийг төрийн албанд томилж байсан түүхтэй.
Аль улс үндэстний удирдагч нар өөрийн хэлийг тун гаргуун эзэмшсэн байдгаараа бусдаас ялгарч байна. Гайхамшигт удирдагч нар гайхамшигт уран илтгэгч нар байдаг бөгөөд өөрийн үзэл санааг тун мэргэн, оновчтой илэрхийлж, тэр үгс нь хүн төрөлхтөний оюун санааг баяжуулан хөгжүүлж онч мэргэн үгсийн санд үлддэг.  
Үг хэлний чадваргүй хүмүүс удирдагч болж чаддаггүй. Энэ ч мөн Монголын улс төрчдөд хамаатай. Өнөөдөр хэн Монгол хэлээ сайн эзэмшсэн байна тэр хүн олон түмэнд өөрийн санаа бодлыг хүргэж чадна, тэр хэмжээгээрээ дэмжлэг авна. мэддэг учраас өөрсдийн санаа бодлыг туйлын ойлгомжтой илэрхийлж ард иргэддээ хүрч чадаж байгаа юм. Өнөөдөр Монголын удирдагчдаас Монгол хэлний чадвар  онцгой сайн байгааг, аль улс төрийн нам хүчин монгол хэлэндээ хичнээн мохоо байгааг, хэт албаны модон хэлнээсээ болж өндийж чадахаа байсныг бид харж байна.
Үг хэл удирдагчдад хичнээн хэрэгтэй болохыг Библийн “Иохан” гэдэг номонд “Эхлээд Үг байсан. Үг Бурхантай хамт байсан ба Үг өөрөө Бурхан /God/ байсан юм” гэж бичсэнээс харж болно.  Мөн Английн нэгэн үеийн удирдагч байсан Бэнжамин Дизраэли “Үгээр бид хүмүүсийг удирдан захирдаг” гэсэн.

Сурвалж: http://www.translationclub.blogspot.com/2013/06/blog-post_16.html 

2014-08-16

www.estandard.mn

2. Yйлчилгээний төрөл 

2011 оны 11 дүгээр сараас эхлэн манай [Админ: Үндэсний Стандарт Хэмжил Зүйн Газар] www.estandard.mn вэб хуудас нь Монгол Улсын бүх стандартуудыг бүрэн эхээр нь үзэж танилцах боломжийг олгож  байна. Түүнчлэн стандартыг худалдан авч болно. 

Энд ялангуяа салбар, салбарын энр томьёоны тодорхойлолтыг сонирхвол бидэнд нэмэр болж магад хэмээн оруулав.

2014-08-14

АДБОУС-уудын гарчигийн орчуулга /ҮАГ-ын албан ёсны сайтаас/

АДБОУС-уудын ангиллын зарчмууд /ҮАГ-ын албан ёсны сайтаас/

ИНТОСАИ-н Мэргэжлийн Стандартын хороо АДБОУС-ыг тохиромжтойгоор ангилах дараах зарчмуудыг гаргасан.
Үүнд:
1. АДБОУС-ууд нь  ИНТОСАИ-н Их хурлаар баталгаажуулсан АДБ-уудын мэргэжлийн стандартуудын удирдамж болох бүх баримт бичгүүдийг агуулдаг.
2. Баримт бичиг бүр 1-4 оронтой АДБОУС-ын дугаартай. Энэ дугаар нь баримт бичгийн шаталсан  түвшнийг харуулдаг.
Түвшин 1: Суурь зарчмууд – ИНТОСАИ-н Суурь зарчмуудыг агуулдаг.
1.    Лимагийн тунхаглал.
Түвшин 2: Аудитын дээд байгууллагуудын үйл ажиллагаа явуулах урьдчилсан нөхцөл – зүй зохистой үйл ажиллагаа ба мэргэжлийн сахилга батын талаарх урьдчилсан нөхцлүүдийг тусгаж, тайлбарласан.
1.    АДБОУС 10 – АДБ-уудын хараат бус байдлын талаарх Мексикийн тунхаглал
2.    АДБОУС 11 – АДБ-уудын хараат бус байдалтай холбоотой ИНТОСАИ-н гарын авлага ба сайн туршлага
3.    АДБОУС 20 – Ил тод байдал ба хариуцлагын зарчмууд
4.    АДБОУС 21 – Ил тод байдлын зарчмууд ба сайн туршлага
5.    АДБОУС 30 –Ёс зүйн дүрэм
6.    АДБОУС 40 – АДБ-уудын чанарын хяналт
Түвшин 3: Аудитын Үндсэн зарчмууд – Төрийн байгууллагуудад аудитыг хийхэд баримтлах аудитын үндсэн зарчмууд багтана.
1.    АДБОУС 100 – ИНТОСАИ-н аудитын стандартууд – Үндсэн зарчмууд
2.    АДБОУС 200 – ИНТОСАИ-н аудитын стандартууд - Ерөнхий стандартууд
3.    АДБОУС 300 – ИНТОСАИ-н аудитын стандартууд – Ажлын стандартууд
4.    АДБОУС 400 – ИНТОСАИ-н аудитын стандартууд – Тайлагналын стандартууд
Түвшин 4: Аудитын гарын авлага – Аудитын үндсэн зарчмуудыг аудитын үйл ажиллагаанд өдөр тутам ашиглах зохилготой илүү дэлгэрэнгүй тайлбарласан үйл ажиллагааны гарын авлага.
•    Ерөнхий гарын авлагууд
1.    АДБОУС 1000 – 2999 – Аудитын ерөнхий гарын авлагууд
2.    АДБОУС 3000 – 3999 – Гүйцэтгэлийн аудитын ерөнхий гарын авлагууд
3.    АДБОУС 4000 – 4999 – Нийцлийн аудитын ерөнхий гарын авлагууд
•    Тусгай сэдвээрх гарын авлагууд
1.    АДБОУС 5000 – 5099 – Олон Улсын институтуудын гарын авлага
2.    АДБОУС 5100 – 5199 – Байгаль орчны аудитын гарын авлага
3.    АДБОУС 5200 – 5299 – Хувьчлалын аудитын гарын авлага
4.    АДБОУС 5300 – 5399 – МТ аудитын гарын авлага
5.    АДБОУС 5400 – 5499 – Улсын өрийн аудитын гарын авлага
6.    АДБОУС 5500 – 5599 – Гамшигтай холбоотой тусламжийн аудитын гарын авлага
7.    АДБОУС 5600 – 5699 – Түншийн үнэлгээний гарын авлага
Сурвалж: http://www.audit.mn/mn/index.php/standart-mn/menu-st-main 

2014-08-12

Б.Ринчэн "Шүлэг орчуулах эрдэм"

...Одоо ардын соёл, боловсрол нийгэм тэгш сайхан болж байхад үнэхээр учраа мэдсэн, одоо цагийн соёл боловсролын цээнд хүрсэн яруу найрагч орчуулагч хүн, урьдын боловсрол нимгэн орчуулагч нарын дадсан хэвшлийг соёл өрнөсөн цагт үргэлжлүүлж болохгүй болсныг мэдэж шадын шагналд дуртай орчуулагчинцарын дур зоргоор болгож болохгүйг хэвлэлд нь "редактор" гэж харь үгээр хачирхан сүр бадруулах дуртангууд эрхлэн гаргахдаа эрхэлсэн хүний харицлага уншигч олны өмнө бий гэж шүлгийн орчуулганд орчин үеийн цаг эринд зохилдсон бөгөөд одоо цагийн олон улс, нийтийн журамлан хэрэглэдэг боловсон орчуулгын шаардлага тавьж, сайн шүлгийг саар шүлгэнцэр болгож орчуулдаг замд хориглох тэмдэг босгож, ёстой яруу найргийн авьяаст өндөр боловсролт орчуулагчдыг эрэн хайж, чадлыг нь улам нэмэгдүүлэхийг ч бодох цаг болж, эрдэм их чадалтай яруу найргийн авьяаст орчуулагч ч захаас аван замаас үргэлж байдаггүй тул хайн олж, хайрлан хүмүүжүүлж, улсын наадамд, аймаг сумын ардууд дөрвөн хэлтэй болгоноо сойдоггүй, сонгон олж сорин шилж, эрийн гурван наадамд оруулдаг айргийн тавын тоонд хүргэх гэж мэрийдэгтэй адил шүлгийн орчуулганд сэтгүүл хэвлэлийнхэн бас анхаарал тавьж, сайн зохиол гутаан орчуулахгүйг хичээгүүштэй боловсролын хэмжээнд бид хэдийн хүрээв шүү! Иймд уншигч олонд европ зүгийн шүлгийг монголоор орчуулахад ямар ямар зохион байгуулалт хэмжээ журам байдгаас гол тоймтой хэдэн зүйлийг таниулах нь шүлгийн орчуулга үзээд ямар шаардлага орчуулганд тавих ёстой вэ? гэдгээ мэдэхэд нь хэрэгтэй, бас муу орчуулгыг хаах нэг зүйл болж, нөгөө талаар монголоороо шүлэг бичих дуртай бөгөөд шүлэг найргийг сонирхох хүнд хэрэг болъюу.

"Шүлэг" гэдгийг нь "стандарт" гээд л уншвал бидэнд нэмэр болж юу магад хэмээн билгүүн номч Бямбын Ринчэн гуайн нийтлэлийг блогчийн онлайн болгосон хувилбараар нь холбож тавив.
Нийтлэлийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.