Showing posts with label Орчуулах хийх тухай зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Орчуулах хийх тухай зөвлөгөө. Show all posts

2014-10-03

Харь холоос багшаа дурсахуй

Л. Батбаяр
www.dayarmongol.com

Их Сургуулийн 3-р дамжаанд Үгийн сангийн хичээлийг амьддаа домог болон алдаршсан эрдэмтэн багш Чой. Лувсанжав бидэнд зааж билээ. Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, М.Гаадамба тэргүүтнээс номын дуу сонсох завшаан дутсан ч Чой.Лувсанжав, С.Дулам, Ч.Билигсайхан, Чоймаа, Баянсан, Буянтогтох зэрэг эрдэмтэй чадалтай багш нараас номын дуу сонсох сайхан завшаан бидэнд оногджээ.

Орчуулгын хэл найруулгаар дүүрсэн сонин хэвлэл, ном уншсаар байгаад орчуулгын монгол хэл, сэтгэлгээтэй болж өсч хүмүүжсэн бидэнд Чой.Лувсанжав багшийн амнаас гарах үгс жинхэнэ монгол хэл, найруулгын амтыг мэдрүүлдэг сэн. Багш маань өөрөө том эрдэмтэн атлаа бас бага зүйлээс суралцдаг байсны нэг жишээг өөрөө ярьсныг дамжуулая. Ажлаа тараад харьж иртэл хөршийн залуу түлээг нь хагалаад хураагаад тавьж байна гэнэ. Багш маань баярлаад:
- Ээ, яасан сайн хүү вэ гэж.
Тэгсэн тэр залуу:
- Өө яахав, Тан зэргийн хүнд над зэргийн залуу энэ зэргийн тус хүргэлгүй яах вэ гэжээ. Сайхан монгол найруулгатай ярьж байгаа юм шүү гэж багш маань ярьж билээ. Дашрамд дурдахад монгол хүн баярлаж талархахдаа одоогийн орчуулгын хэлээр: - Баярлалаа
- Зүгээр, зүгээр гэдэггүй. Харин хүн нэг сайхан үзэг бэлэглэвэл:
- Ээ ёстой гялайлаа. Би ийм нэг сайхан үзэгтэй болох юм сан гэж бодоод явсан юм гэж баярласнаа илэрхийлдэг гэхчлэн ярихад “орчуулгын хэлтэй” бидэнд ёстой л харь гарагаас ирсэн мэт сонсогддог байж билээ.
- Сайхан үг хэллэгүүд орчин үед их мартагдаж, орхигдож байна. Жишээ нь, морьтын хишиг явганд, Моломын хишиг Чойнжуурт гэдэг юм. Гэтэл одоо сүүлийн хэсгийг нь хүмүүс мэдэхгүй болж. Чойнжуур гэж ядарсан эр байж, Молом нь хазаар гүйлгэдэг эр байж.
- Сайн байна уу гэдэг бол хүмүүс нүүр нүүрээрээ уулзаад хэлдэг үг болохоос захидлын үг биш гээд ярихаар нь мань мэт нь бас л харийн хүн болж хоцорно. Багш маань Сүхбаатар жанжны Хатанбаатарт бичсэн захидал, Жамъян гүнгийн захидал, Хичээнгүй сайд Цэрэндоржийн захидлыг иш татан ярина. Саявтар зориуд сонирхоод Ц.Дамдинсүрэн гуайн түүвэр зохиолын 3-р ботийн бичиг захидалтай хэсгийг эргэж уншлаа. Нээрээ л ахмад эрдэмтэн маань захидал бичихдээ Сайн байна уу гэж эхлээгүй, ер нь сайн байна уу гээгүй байна. Ахмад эрдэмтэнд маань захидал илгээсэн Бартольд нарын гадаадын эрдэмтэд ч Сайн байна уу гэсэнгүй.
Сайхан сүмийн барилгыг шаазгай шувуу гутаана
Сайхан монгол найруулгыг “ба”, “гд” гутаана гээд л заримдаа бас уран сайхан холбож, зүйрлэж ярина. –гд гэдэг дагаврыг хүн аргагүйн эрхэнд үйлдэх зүйлд хэрэглэнэ. Хоригдох, баригдах, туугдах. Гэтэл Монцамэ-гийнхэн Үзэсгэлэн нээгдэв гэж бичдэг. Тэр үзэсгэлэнг чинь цаана нь хүн л нээж байгаа, тэгэхээр Үзэсгэлэн нээв гэх ёстой юм гэдэг сэн.

Багшийнхаа лекцийг сонсож суухад заримдаа сэтгэл дотор минь нэг бодол орж ирдэг нь:
- Манайхан ер нь сонин улс юм гэсэн хачирхал. Б.Ринчин гуай зааж сургаад л байдаг, Ц.Дамдинсүрэн гуай хэлж өгөөд л байдаг, Чой.Лувсанжав багш маань засч залруулаад л байдаг, яг хэвээрээ, бахь байдгаараа яваад байдаг, үгийг нь авдаггүй. Буруугаа засдаггүй.

- Хотын гудамжаар явж байхад таньдаг хүн ирж явбал өргөн гудамж бол би нөгөө захыг нь бариад явчихдаг, нарийн гудамж бол замын нөгөө талд гараад явчихдаг байсан. Тэгээд л гудамжинд таараад “За сонин сайхан... за тэгээд...” гээд л салж өгөхгүй элдвийн дэмий юм ярьж зогсохын оронд бушуухан хариад номоо үзмээр байна шүү дээ, багш нь. Би оюутан байхдаа ч, Их Сургуулийн багш болсон хойноо ч, Сангийн аж ахуйд тариа ногоо хураах ажилд явж байхдаа номоо үзээд л явдаг байсан. Энэ хашааны булангаас тэр хашааны өнцөг хүртэл бас ч гэж хэчнээн алхам газар байгаа билээ. Би нэг гартаа шуудайтай төмсөө чирээд, нөгөө гартаа номоо бариад үзээд явдаг сан. Хүмүүс эхлээд намайг гажигтай, юмтай, номын цагаан солиотой энэ тэр гэлцдэг байсан. Дэд эрдэмтний зэргээ хамгаалахад минь тэр яриа хэсэгтээ намжаад, доктороо хамгаалаадахсан чинь бүр нам болсон.
- Манай радио, телевизийнхэн Та энэ тухайгаа ярихгүй юу? гэх юм. Цаад хүн нь “Ярихгүй” гэж болно. Та ярьж өгнө үү? гэвэл зохистой.
- Манай дарга нар гадаадынхантай уулзаад ярьж байхдаа байсгээд л и гээд орос үг хавчуулах юм. Орчуулж байгаа би наана нь бүр өмнөөс нь иччих юм.
- Намын шийдвэр – амьдралд гээд л бичих юм. Намын шийдвэр чинь амьдралд байхгүй өөр хаана байх юм. 
Багш нь англиар орчуулахдаа амьдралд гэдгийг нь зүгээр орхичихдог юм гэхчлэн ярьдаг сан. Багшийн тэр яриануудыг санахуй, тэнэгүүдийн дунд багш минь хэцүү байсан байх даа гэж санагддаг юм.

Унаган жороо морин
Олойрт харын нүдэнд
Салга явдалтай харагдана.
Ухаант мэргэн хүмүүн
Олон тэнэгийн дунд
Солиотой юм шиг үзэгдэнэ гэсэн нэг лут шүлэг, П.Бадарч гуайнх билүү дээ, санаанд ордог сон. Багш маань асуулт тавиад анги тойруулан харж:
- Ердөө ганцхан хүүхэд мэдэж байна гэж үү? (Тэр ганц нь мэдээж би. А-я-я, би бас ланжгар байгаа биз. Ха – ха.) Ангийн 30 хүүхдээс арваад нь гар өргөж байх ёстой ш дээ. Энэ муу ёр шүү гэдэг сэн.
Манай ангид Мажид хэмээх афган залуу байсан. Эх оронд нь дайн дажинтай байсан болохоор дайжин дутаасан зам нь Монголд авчирсан болохоос монгол хэл сурч монгол судлаач болох гэсэн хүн биш гэж би боддог юм. Лав л миний мэдэхээс 5 жил болоход мань эр Сайн байна уу-тай л хоцорсон дог. Харин Чой.Лувсанжав багш маань юм бүхнийг номын нүдээр харах ажээ. Нэг өдөр багш маань Мажидын уншиж байсан нутгийнх нь сониныг авч үзээд бидэнд:
- Иш-ш, хүүхдүүд минь, та нар энэ хүнээс энэ хэлийг нь, энэ бичигтэй нь аваад үлдвэл мөн их хэрэг байна санж гэж билээ. Даанч манай ангид тийм “хэрэгтэй” оюутан байсангүй.
1988 онд би “Залуучуудын Үнэн” сониноор нэлээд “эргэлддэг” байлаа. Нэг өдөр яваад орсон чинь “Алив, Батбаяр аа, энэ яаралтай материал! Хурдхан орчуулаад дуусгаадах” гэлээ, М.Хатанбаатар нарийн бичгийн дарга. “Хуудаснаас хуудас дамжуулан” гэснийг нь “хуудас бүрт” гэхчлэн засч, дуусгаад ... Чой. Лувсанжав багшаа саналаа. Тэдний орчуулаад ир гэсэн өөр нэг нийтлэлийг орчуулчихаад багшаасаа асууж, “бат араанд” нь хийгээд очиё гээд, багшийн эрхэлдэг Гадаад хэлний тэнхимийн үүдтйг сахиад зогсчихлоо. Багш маань ч түмэн завгүй хүн юм, би ч мөн тэвчээртэй хүлээлээ. “Ээ бас салдаггүй хүүхэд юм” гээд багш минь миний урмыг бодсон биз, миний орчуулсныг хянан тохиолдуулахдаа орос эхийг нь огт хараагүй атлаа “энэ цаад орос хэлээрээ ийм үг байна, чи ингэж махчлан орчуулжээ, энэ чинь монгол найруулгаар бол ингэсэн үг” гэхчлэн сайхан монгол найруулгатай болгоод янзлаад өглөө. Би ч бөөн баяр. Сониныхонд нөгөө засч янзлуулсан орчуулгаа өгчихөөд “хуудаснаас хуудас дамжуулан” гэж монголчилдог улсад гайхуулах юмтай боллоо гээд маадгар сууж байтал гэрийн утас хангинав. Сонины ажилтан: - “Өө, Батбаяр аа, чи хайран материал алаад хаячихжээ!” гэж байна. Би чихэндээ итгэсэнгүй. “Би бүр багшаасаа асуугаад, засуулаад...” гэж эг маг дугартал “Өө, чааваас, багш чинь юм мэддэггүй амьтан юм байна даа” гэж тачигналаа. Тэд хүн андуураагүй, өөр материал ч андуураагүй, яг маниус шигээ модон орчуулгын молхи унаатайгаа буруу замаар “давхиж” яваа улс байна даа гэдгийг ч таамаглалаа, таамагласныг минь батлах мэт өнөө нийтлэл чинь “Залуучуудын Үнэн” дээр яг-г анх миний орчуулсанархуугаар дурайгаад гараад ирдэг. Өө хөөрхий минь гэж, “Залуучуудын Үнэн”-ийнхний болоод миний мэддэг монгол хэл тун ч ойролцоо болж таарлаа. Эл тохиолыг би “Хэн нь илүү монголч вэ” гэж, “Сонин тохиол”-доо оруулсан гэж байгаа. Ха-ха.

Нэг удаа багш маань бидэнд өөртөө тохиосон нэг явдлыг ярьсан нь, биеэ магтан гайхуулах гэсэндээ огт бус, эрдэм ном чухал, залуудаа ном үз гэдэг үгээ л хэлж байгаа юм, Европын нэг соц. оронд хэл шинжлэлч эрдэмтдийн хуралд багш маань оролцжээ. Хурлын завсарлагаар гадаадын хэдэн эрдэмтэнтэй нэг ширээ тойроод цай, кофе уусан шиг сууж. Цаадуул нь жижигхэн улсын багашигхан эрдэмтэн гэж үзээд багшийг маань тоож авч хэлэлцдэггүй гэнэ. Томроод, багшийн үгэнд хариулахгүй ч байх шиг.
- Тэгэхээр нь би мажар эрдэмтэнтэй нь германаар яриад, герман эрдэмтэнтэй нь англиар яриад, орос эрдэмтэнтэй нь польшиор яриад, польш эрдэмтэнтэй нь мажараар яриад... Тэгсэн тэдний надад хандах хандлага, харилцаа их өөр болсон.
- Ер нь гадаадад очиход гадны эрдэмтэд надаас хоёрхон зүйл л сонирхдог. Та хэдэн хэл мэдэх вэ? Та хэчнээн, ямар ном бүтээлтэй вэ?
Муу хүн үхэж өгдөггүй, сайн хүмүүс нь түрүүлээд явчихдаг гэж үг байдаг, үнэн ч юм шиг. Сайн нигуртай, сайхан багш минь Тэнгэрийн орноо заларч дээ. Бурхан Будда биш ч гэсэн, ялж төгс нөгцөж дээ, багш минь. Тэнгэр диваажингийн тэр сайхан оронд багш минь Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын номын багш нартайгаа учраад номоо үзэж суугаа байх даа. Номын их багшийгаа хожуухан ч гэлээ, дутуухан ч гэлээ дурслаа даа. Дурсаагүйгээс, дугараагүйгээс арай л дээр юм сан уу гэж мунхагланам.

2014-10-02

Бурхан буян хайрлаж, чөтгөр чөлөө өгвөл бодсон юм багагүй

Ц.Шагдарсүрэн


“Монгол хэлний тайлбар толь” хэмээх зузаан ном хэвлэгдэн гарсаар даруй 40-өөд жилийн нүүр үзлээ. Олон түмний дунд “Цэвэлийн ногоон толь”гэж алдаршсан энэ номыг зохиогчийн хүү, Төрийн шагналт эрдэмтэн Ц.Шагдарсүрэн сонин хэвлэлийнхнээс “зай барьдаг” хэдий ч аавынхаа талаар ярилцахаас татгалзсангүй. Тэрбээр сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь энэ болой.
-Аав тань “Монгол хэлний тайлбар толь” хэмээх алдарт бүтээлээ туурвих үед та хэдэн настай байсан бэ? Энэ бүтээлээ хэрхэн яаж хийсэн бол?
-Аав толио арав гаруй жил хийж, 1966 онд хэвлүүлсэн. Тэр үед нь би МУИС-ийн төгсөх буюу V ангид байсан юм. Уг толь дотоод гадаадад гарсан нь дараа дараагийн монгол толгойтой бүх толийн суурь болсон төдийгүй Монголын судлалд шинэ үеийг нээсэн гэж Францын монголч эрдэмтэн Франсуаз Обен профессорын бичсэн үнэлгээг хэлмээр байна.

-Танай аавыг Судар бичгийн хүрээлэнгийн анхны томоохон эрдэмтдийн нэг, сонирхолтой намтартай хүн гэдэг.
-Аавын намтрын тухайд тийм шүү, сонин. Аав 1902 онд одоогийн Баянхонгор аймгийн Галуут суманд нэгдсэн Мандал сумын Талын толгой гэдэг газар төрсөн. Долоотойгоосоо Чин сүжигт Номун хан хутагтын хүрээнд шавилж, нэг өвгөн ламынд суудаг байсан гэдэг. Тэр үед Өвөрлөгч нутгаас Хайсан гүн, Дандаа шансан хэмээгч Чимэддорж, харчины Мөнхтогтох шансан зэрэг боловсрол өндөр хэдэн хүн Монголд ирээд, цаг үеийн байдлаас энд тэнд суурьшин суух болсон юм гэнэ билээ. Жишээ нь Хайсан гүн Монголын нэг нөлөө бүхий түшмэлийн гэрт тогоочоор, Мөнхтогтох шансан Сайн ноён хан аймгийн Чин сүжигт Номун хан хутагтын шавь (хутагтын тэргүүлсэн, хошуутай адил засаг захиргааны нэгж)-д 1914 онд бага сургууль байгуулж, багшлах болсон ажээ. Дандаа шансан бол “Юань улсын судар”-ыг орчуулсан хүн. Аавын багш өвгөн лам “...Цаг өөр болно. Чи тэр сургуульд орсон нь дээр байх” гэж зөвлөсөн гэдэг. Ийм алсын хараатай хүнийг монголчууд “цаг мэдэх хүн” гэдэг юм. Тэгээд аав минь тэр сургуульд орж монгол бичиг, хятад, манж хэл, сампин, тоо бодлого үзжээ. Бас Мөнхтогтох шансан Хятадын “Жин Пин Мэй” хэмээх сонгодог зохиол, Хүннү- гийн түүхэнд холбогдох “Хэ Ван Юаны бичиг” зэрэг зохиолыг орчуулан дуудахад шавь нар нь бичин авч дэвтэрлэдэг байжээ.
Тэгээд нэг хувийг нь улаан торгоор хавтаслаж Богдын номын санд, нөгөөг нь шар торгоор хавтаслаж Гэгээний номын санд өргөдөг байсан гэх бөгөөд одоо Улсын Төв номын санд буй орчуулгууд нь тэр бөлгөө. Тэгээд аав минь 1917 онд сургуулиа төгсгөөд шавийнхаа тамгын газарт нэг бичээчийн цалингаар хоёр хүн ажиллуулдаг тал бичээчээр биеийн хүчин үнэлж эхэлсэн юм гэдэг. Улмаар 1923 онд Оюунтны сургуульд элсэхээр Их хүрээнээ орж ирсэн боловч элсэлт өнгөрсөн байсан учир Засгийн газар бичээч бөгөөд нягтлан бодогчоор ажиллаж, 1924 оноос Цэцэрлэг Мандалын аймагт суух Засгийн газрын Төлөөний түшмэлийн туслахаар шилжин ажиллаж, жинхэнэ төлөөний түшмэл нь очоогүй тул түүний албыг 1926 онд уг албыг татан буулгатал хаажээ.


-Аавыг тань нэгэн үе Ардыг гэгээрүүлэх яаманд ажиллаж байсан гэж сонссон.
-Хожим аав минь Улаанбаатар хотноо эргэн ирж, Эрдэнэбатхан сайдтай Ардыг гэгээрүүлэх яамнаа Ардыг боловсруулах хэлтсийн дарга бөгөөд Яамны эрхэлсэн түшмэл (одоогийн жишгээр дэд сайд), Гадаадад суралцагчдыг эрхэлсэн комиссын нарийн бичгийн даргаар тус тус хавсран ажилласан байдаг. Энэ үеийн ажил байдлыг нь яльгүй тодруулахад, 1929 оны “Ардын нам” гэдэг сэтгүүлд аавын “Эрдэм боловсролын тухай” гэдэг нэг өгүүлэл гарсан бөгөөд энэ нь чухамдаа тухайн үеийн улс даяарх бүх сургууль, нас хүйсээр нь гаргасан сурагчдын тоо, улсаас гаргасан зардал болон гүйцэтгэл, ЗХУ, Герман, Францад сурч байсан сурагч оюутанд холбогдох дээрх мэт бүх баримтын тайлан бөгөөд зардал сүйтгэлийг задгай мөнгөтэй нь тооцсон байдаг нь одоо үзэхүл үлэмж нарийн байсныг харж болохоос гадна боловсролын түүхийг судлах хүнд анхаарахгүй байхыг аргагүй судлагдахуун гэдгийг дурдмаар байна. Аав минь энэ үед Ардыг гэгээрүүлэх яамны захиалагчаар ажиллаж, Улсын хэвлэх үйлдвэрийн барилгыг Германы Дебель инженерийн зураг төслөөр захиалан бариулж, сүүлд өргөтгөлийг нь залган нэмжээ. Гадаадад хэдэн зуун жил болсон түүхэн байшин барилгаараа бахархдаг байтал одоо уг байшин дээвэргүй балгас болсныг харахад эрхгүй бухимдмаар байдаг.
-Аав тань Х.Чойбалсангийн шийдвэрээр улсын хилийн гэрээ хэлэлцээр хийх бэлтгэл ажилд оролцож байсан гэл үү?
-Энэ үеэс аав минь Судар бичгийн хүрээлэнгийн сул буюу орон тооны бус оюунтан болж судалгааны ажлын захад хүрч, олон эрдэмтний номын тоосонд багталцах болсон гэх бөгөөд 1929 онд Хүрээлэнд шилжин очиж 1967 он хүртэл тасралтгүй ажиллажээ.
-Үүний хажуугаар Х.Чойбал сангийн шийдвэрээр Мон гол Улсын хилийн гэрээ хэ лэл цээр хийх бэлтгэл ажлын хүрээнд түүхэн баримт хэрэглэгдэхүүнийг цуглуулан эмхтгэж, “Монголчуудын газар нутгийн ойллого бичиг” хэмээх томоохон бүтээл гараас гаргаж, нэгэн хэсэг Гадаад явдлын яаманд хавсран ажиллаж, генерал Б.Дорж, Ж.Самбуу зэрэг албаны хүмүүсийн хамт хилийн бүх заставаар тойрон явжээ. Сүүлд ЗХУ-тай хийсэн Аварзэд гуайн толгойлсон гэрээнд архивын өвгөн Ээндэн нарын хамт зөвлөгчөөр оролцож, тэр үеийн бүх үйл явдалд оролцсоныг би бүүр түүр мэднэ. Аав 1924 онд намын гишүүнд элссэн бөгөөд намын хоёрдугаар цэвэрлэгээгээр хилс мэдээллээр “эргэж орох эрхтэй” гэдэг тэмдэглэлтэй хөөгдсөн, уг мэдээлэл үндэсгүй гэдгийг шүүх тогтоосон боловч намд дахин элсээгүй гэж намтартаа бичсэн байдаг. Энэ ярилцлагын гол хэсэг нь энэ гэж бодоод олон түмэнд сонин байж магадгүй гэсэн зүйлийг ийнхүү арай урт ярилаа. Нэгэнт асуусан, би боломжийн хэрээр хариулсан болохоор чөлөөт хэвлэл рүү тэмүүлж, олон түмнээ мэдээллээр хангах үүрэг бүхий “Өнөөдөр” сонин танаж хасахгүй, зарим хэвлэл шиг “редакцийн бодлогод нийцүүлэн” засахгүй гэж найдаж байна.
-Аавын чинь “Монгол хэлний тайлбар толь” ховордож, өнгөрсөн жил хуучин номын дэлгүүрт 50.000 төгрөг байснаа одоо 70.000 төгрөг болсон байна билээ. Та аавынхаа номыг дахин хэвлүүлэхгүй юм уу.
-Аавынхаа толийн нэмж зассан хоёрдугаар хэвлэлийг гаргая гэж нэлээн эрт бодсон. 1990-ээд оноос өмнө Академид ажиллаж байхдаа тэр үед жил болгон авдаг байсан Социалист уралдааны үүргээр тоймтойхон амлалт болгож, төлөвлөгөөт ажлын гадуур (цалин хөлсгүй гэсэн үг) хийж эхлээд цөөнгүй үг хэллэг, үгийн салаа утгыг нэмж үндсэнд нь дуусгасан. 1991 онд МУИС-д шилжин ирээд цахим эхийг нь бэлтгэсэн. Монгол бичгийн хэлхээ, хэлзүйн товч танилцуулга гэх зэрэг бас бус шаардлагатай зүйлийг хавсралтад оруулахаар бэлэн болгосон. Одоо ч бас түүхэн үг хэллэг нэмэн цуглуулсаар байгаа. Хэвлүүлэх тухайд, угаасаа том ном болохоор миний мэтийн хүнд зардал мөнгө нь ахдаад байна. Цахим аргаар нийтлүүлбэл арай гайгүй байх талтай болов уу. Энэ завсар Бээжинд 2002 онд аавын толийг анхны эхээр нь монгол бичгээр хэвлэсэн, гэвч санаанд бүрэн хүрээгүй зүйл бий. Нэмж зассан эхийн толгой үгийг үндэслэж “Улаанбаатар” дээд сургууль Солонгосын хөрөнгөөр бүтсэн “Монгол солонгос толь” 2008 онд гаргасан. Мэргэжлийн тользүйн үүднээс ажвал зохиомжийн хувьд зарим шинэ зүйл харагдана. Бас энэ завсар аавын толиос илэрхий авсан хэрнээ ашигласан номынхоо жагсаалтад ч дурдаагүй жижиг бага толь ч гарч л байлаа.
-Шинээр “Монгол хэлний тайлбар толь” гарсан. Энэ нь өмнөхөөсөө их ялгаатай юу?
-Их, дээд сургууль төгссөн арав гаруй зохиогч бүхий таван боть “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” 2008 онд гарсан. Тэр хэрээрээ үгийн тоо, тайлбар, тодорхой эхээс авсан жишээ зэргээрээ дэлгэрэнгүй болж чадсан. Аливаа хэлний дэлгэрэнгүй их толь бол номын мөр хөөсөн судлагч, орчуулагч хэнд ч болов байж байх ёстой тул энэхүү толь анхаарал татахгүй байхын аргагүй. Үүний сацуу товч толь байх тал талын шаардлагыг үгүйсгэх учир бас байхгүй. Аавын толийн тухайд, анх “Гучин зургаат толь”, Ковалевскийн “Монгол-франц орос толь”-иос холбогдох үгийг түүн оруулсан байсныг нэгэн удаагийн Эрдмийн зөвлөлийн хурал дээр “...толийг яаравчлан дуусгахын үүднээс хуучирсан болон шашны үг хэллэг шаардлагагүй, хасах нь зүйтэй...” гэж санал оруулж шийдүүлсэн хүн дараа нь бичсэн шүүмждээ мөнөөх хасуулсан зарим үгээ ороогүй байна хэмээн нэхсэн, зарим “судлагч” буруу бичдэг жишгээрээ олоогүй зарим үгээ байхгүй байна гэх мэтээр шүүмжлэх тохиолдол гарсан нь нэг биш.
-Өөрөө эрдэмтэн, монгол хэл судалдаг хүн. Толь зохиох юмсан гэж бодож байв уу?
-Бодож байсан, бас толь зохиолцож, толь боловсруулах ажлыг зохион байгуулалцаж явлаа гэж хэлэх учир бий нь 1977 оноос 1991 он хүртэл Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын нэр томъёоны комисс (УНТК)-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсантай холбоотой. Энэ хооронд хэдэн арван мянган үгтэй “Эрдэнэт үйлдвэрийн нэр томъёоны толь”,“Эрдэнэт үйлдвэрийн цутгуурын цехийн нэр томъёо”, хэдэн мянган зурагтай, гурван хэлээр хайн олох хэлхээг нэмсэн “Машин техникийн орос, англи, монгол нэр томъёоны зурагт толь” зэрэг томоохон салбарын толь гаргалцсан. Бас одоо өргөн хэрэглэсээр байгаа газрын (сарны) хэвэл, хувьцаа, хэм гэх зэрэг уламжлалт нэр томъёо орчин цагийн монгол хэлний үгийн санд сэргэж орсон билээ. Гэвч манай академийн зарим дээд удирдлагын санаачилгаар хэвлэлийнхнийг оролцуулан, миний дор ажиллаж байсан, УНТК-т огт хамаагүй хүнээр уг комиссын сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар сонсгол тавиулж ...хэтэрхий монголчилж “хэлний шовонизм”-д халтиран орсон... гэж дүгнэснийг намын “Үнэн” сониноор мэдээлж, тэр үеийн аргаар “буруутгах”-ын даваан дээр цаг өөр болж билээ. Энэ мэтээр толь бичгийн салбарт гар бие оролцож, тользүй гэдэг салбар ухааны дөртэй болж “Монгол толь бичгийн судлал” гэдэг судалгаа гаргаж, нэмэн зассаар гурван удаа хэвлүүлсэн. Сүүлийнхээ хэвлэлд цаашид монгол хэлний толь бичиг зохиоход юу юуг анхааран засах талаар тусгай хэсэг нэмэн оруулсан болно.
-Хэл шинжлэлийн ухаанд ийнхүү амьдралаа зориулахад чинь аавын тань нөлөө их байсан болов уу.
-Одоо бодох нь ээ, аав ээж хоёр минь яг хэлний хүн болгоно гэж бодсон эсэхийг нь мэдэхгүй ч, ямар ч атугай багаас номын мөр хөөлгөхөд анхаарсан юм билээ. Аав номын сангаас “Алтан товч”, “Эрдэнийн товч” гэх зэрэг түүхийн, “Мялын намтар”, “Мялын бум дуулал” зэрэг төвдийн, “Гурван улсын үлгэр”, “Жийдаан хуушааны намтар”, “Жүн дагинын тууж” гэх зэрэг эртний Хятадын сонгодог зохиолыг авчирч орой болгон дууддаг. Заримдаа ээж дуудна. Эгч бид хоёр сонсдог байлаа. Тэр үеэс монгол судар номын тансаг сайхан хэл найруулга чихэнд хоногшиж эхэлсэн юм шиг. Дараа нь “Эрдэнийн эрих”, “Хөх Монголын хөх туг” зэрэг зохиолыг өдөр бүр хуудас хуудсаар нь хуулуулдаг байлаа. Сургуульд орохоос өмнө монгол бичиг, кирилл бичгийг гэрээрээ сурсан. Дунд сургуульд байхад аавтай хамт ажилладаг, монгол нөхөртэй Женя Батнасан гэдэг орос бүсгүйгээр англи хэл цагаар заалгасан юмдаг. Аавын танил нөхөд бараг бүгд монгол хэлний талын мэргэжилтэй, яриа хөөрөө нь мөн тэр чиглэлийнх байсан нь надад нөлөөлөхгүй байхын аргагүй байж.
-Таныг Монголын нэгэн үеийн олон том эрдэмтэнтэй хамтарч ажиллаж ирсэн ховорхон азтай хүн гэх нь бий?
-Би ч мөн тэгж боддог. Аавын буянаар багаасаа тэднийг таньдаг байлаа. Их сургуулийн нэгдүгээр ангиа төгсөөд зуныхаа амралтаар академич Ринчен багшийн удирдсан монгол хэл аялгуу судлах шинжилгээний ангид туслах ажилтнаар оролцож Хэнтий, Дорнод аймгаар бараг хоёр сар явж, хэрэглэгдэхүүн цуглуулах арга барилын зах зухтай болсон. Дараа жил нь Ринчен багшийг дагалдаж Булган, Хөвсгөл, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгаар зунжингаа явж билээ. 1967 онд Их сургууль төгсөхийн өмнөхөн дээд газраас гурван том академичид шавийн орон тоо баталж өгсөн нь миний хувьд олдошгүй завшаан болж, намайг боломжийн гэж бодсон юм болов уу даа, Ринчен багш минь гарынхаа шавиар авсан юм даг. Ингээд бараг арван жил багшийг дагаж ажилласан. Намайг Академид ажиллах эхний арав гаруй жилд хэл, түүх, эдийн засаг, биологийн салбарт ахмад үеийн олон том эрдэмтэд амьд сэрүүн, уулзаж учрахаараа ном л ярьдаг сайхан үе байжээ. Орчлонгийн эрхээр тэд цөөрөөд ирэхэд хүмүүс цуглахаараа хов жив, ном биш нам ярьж, бүлэглэн булаганах нь ерийн зүйл мэт болж байна уу даа гэж бодогдоход хүрсэн. Тийм зүйл намайг ч бас тойроогүй.
-Эрдэмтэд хоорондоо санал зөрөх нь хэвийн үзэгдэл. Бас багш шавиараа ч талцаж “тэмцэлдэх” нь бий. Харин өөрийг чинь иймэрхүү хурц маргаанаас алсуур явдаг хүн гэдэг?
-Номын маргаан бол хаана ч байдаг ерийн зүйл, тантай санал нэг байна. Харин номын маргааныг нам буюу улс төртэй холбохоор л ёсон бусын зүйл болдог. Ринчен багш насан туршдаа ийм ёсон бусын зүйлийн золиос болсон гэдгийг хүмүүс мэдэх болжээ. Монголд “Багшийг нь гэвэл шавийг нь, шавийг нь гэвэл шар нохойгий нь” гэдэг үг байдаг. Сайн, муу аль ч талаараа энэ үг үнэн юм байна гэдгийг би яс махаараа үзсэн ч, хэлмэгдсэн гэж хэлэхгүй. Миний төгссөн МУИС намайг шилжин ирж ажиллаач гэж хэдэн удаа хүссэн. Эхэн үедээ би “Аав болон багшийнхаа ажиллаж байсан газраас холдмооргүй байна...” гэж үнэн бодлоо учирлаж байлаа. Нэг ухаантай хүн “Жаргалтай хүн гэж өглөө ажилдаа баяртай нь аргагүй яваад, орой гэртээ баяртай нь аргагүй харьдаг хүнийг хэлнэ” гэсэн байдаг. Гэтэл 1990-ээд оноос өглөө ажилдаа явах нь жаргалтай бус нажидтай болоод ирсэн тул 1991 онд МУИС-ийн хүсэлтийг хүлээн авч, шинэ зохион байгуулалтаар буй болсон Монгол судлалын хүрээлэн (сургууль)-гийн захир лаар шилжин ажилласан. Эхний үед цалин мөнгөний хувьд бага зэрэг буурсан ч “өөхтэй хавирганаас өлзийтэй хавирга” гэдэг үг санаанд ороод байсан. МУИС тайван ажиллах үлэмжхэн бололцоог хангаад зогссонгүй багш, профессор гэж дуудуулах эрхийг ч давхар олгосон. Дандаа ашиг хожоог эрмэлзэлгүй хэн ч гэсэн аж төрөл залгуулж байгаа газартаа “малгай тавибал манайх” гэгчээр өөриймсөг байх ёстой гэж боддог, зүтгэдэг. МУИС-д хориод жил ажиллахад ихэнхдээ сайныг, түрхэн зуур мууг сонсож явлаа. Яргуулан бодоод үзэхэд муугийн углуурга нь бас л түрүүн хамт ажиллаж байсан зарим нэг хүнтэй холбоотой нь тодорхой байдаг юм. Гэвч аливаа шударга шалгуур бол цаг хугацаа гэж боддог, тэгээд ч тэвчиж хүлээнэ гэдэг бол муу юм огт биш.
-Та Монгол судлал, монгол хэл шинжлэлийн салбарт олон бүтээл туурвисан. Эдгээрийн аль нь таныг их “зовоож” байж төрсөн бол?
-Бүтээлийн жагсаалтаа үзвэл ганц сэдэвт ном, хамтын бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, сургалтын үйл ажиллагаа гээд бараг гурван хэвлэлийн хуудас болсон байна. Сэдэв хүрээний хувьд монгол хэл, үсэг бичиг, уламжлалт мэдлэг соёл, эх бичиг судлал... гээд нэлээд өргөн хүрээг хамарсан гэж хэлж болмоор. Энэ бол миний сайных огт биш, нэг зүйлийг судалж гэмээ нь хэл, бичиг, хэлбэр, утга, түүхэн гарал үүсэл, зан заншил ... гэх мэтээр холбогдож болох бүх талаас нь харах ёстой гэдэг эрдэм шинжилгээний ажлын ер энгийн шаардлагатай холбоотой. Үүнээс үүдээд боловсролд дулдуйдан бодож сэтгэхийн хажуугаар бичиж цэгцлэх “хар ажил” гэж байдаг нь багагүй зовлонтой. Багшийн сургаснаар судалгааны аливаа “хар ажил”- д хүний царай харахгүй гэж өөрөө хийдэг.

Бусдын хийсэн юм санаанд таардаггүй юм билээ. Зарим мэргэжилд үсгийн ганцхан сангаар бичээд дуусгаж болдог бол хэлний судалгаанд огт өөр, ялангуяа монгол болон монголчуудын хэрэглэж ирсэн арваад бичиг үсэг, дээр нь хятад, араб, армян, солонгос, латин зэрэг хэл бичгээр түүхэн баримт дурсгал нь байдаг монгол хэлийг судална гэхэд тэр бүрийг анхаарахгүй бөгөөс судалгаа “төгс” болохгүй. 1981, 2001 онд хэвлүүлсэн “Монгол үсэг зүй”, “Монголчуудын үсэг бичгийн товчоон” гэдэг номыг бичихээс илүү хэвлэлд бэлтгэх нь зовлонтой байсан. 1981 онд тэр номыг хэвлэлийн эхээр бэлтгэхэд заримдаа нэг хуудсыг кирилл, монгол, манж, латин үсгийн, тэгээд тарган, туранхай үсэгтэй гээд зургаан бичгийн машинд зай тохируулан оруулах жишээтэй. Цэвэр гаргахын үүднээс цөмд нь нүүрс бүхий цаасан тууз суулгасан. Харин одоо цахим хэрэгсэл гараад үлэмж хөнгөвчилсөн боловч олон бичгийн янз бүрийн тигийг зөөж оруулах хэрэгтэй нь мэдээж. Бас манай нөхцөлд гадаадад гарсан ном зохиол олж үзэхэд хэцүү боловч номын садан нөхдийн хүчээр болгоод байгаа ч цаг алдах нь бас хэцүү.
-Хувь хүний ямар ч судалгаа шинжилгээний ажилд бахархал гэж байдаг. Таны хувьд?
-Бахархлын тухайд гэвэл, номын мөр хөөсөн хүнд “янзаганд таарсан нум” гэгчээр мэргэжлийн бус хүнд “...үзүүлмээргүй, ичмээр дам шиг даа” гэдэг шиг ганц үг, ганц санаа олоод, бичсэн юмаа дуусгаад, эсвэл хэвлүүлээд, бас бусдын сайн бүтээлийг олж үзээд сэтгэл тэнийх зэрэг олон бахархал, олон таашаал бий. Бас баярлах гэж ч бий. Миний ном өгүүллээс бараг 30 хувь нь Ази, Европ, Америк тивийн арав гаруй оронд арваад хэлээр хэвлэгдсэн. Энэ далимаар хэлэхэд, монгол уншигчдад зориулсан өгүүллийг гадаадад хэвлүүлэх өгүүллээс өөр бичих шаардлага гардаг. Наад зах нь нэг өгүүллээс эш татлаа гэхэд гадаадад нийтлүүлэх тухайд зөвхөн зүүлт хийгээд болдог бол манай уншигчид тухайн өгүүллийг тэр бүр мэдэхгүй нь олон тул утга санааг нь нэмэн тайлбарлах хэрэг гардаг.


Ц.Шагдарсүрэн: Хэлгүй болбол бид бусдаас юугаараа ялгарах вэ

Миний гол хоёр бүтээлийн сэдэв бол монголчуудын хэрэг лэж ирсэн үсэг бичиг, монголчуудын уламжлалт мэдлэг ухааны судалгаа. 1970-аад оноос эхэлсэн энэ бүтээл минь, одоо бараг хэн бүхний мэдэмхийрэн ярьдаг болсон сэдвийнхээ хувьд тухайн үед нам төрийн зүгээс огт дэмждэггүй салбар. Тэгээд ч Улаанбаатарт хамгаалах зөвшөөрөл олдохгүй нь мэдээж учир Ринчен багшийнхаа зөвл өснөөр францаар бичиж, 1977 онд Польшийн ШУА-д хамгаалсан. Одоо бодоход тэр үед нам төрийн бодлогод нийцсэн, хялбархан бичээд хамгаалчих сэдэв рүү ороогүйдээ, (“нүүр нь далд ч нүгэл далдгүй” гэгчээр багшийн минь сүлд харж байгаа) нам төрд үнэлэмжгүй байсан багшдаа итгэх сэтгэл хоёрдож байгаагүйдээ өөртөө бахархлаа гэхээс илүү цаана нь тэнгэр харсан буй за гэж санаж явдаг. Ном бүтээлийн тухайд, сүүлд дотоод гадаадын мэргэжил нэгт нөхөд, шавь нар минь зохиол бүтээлийн минь санаа, бүлэг хэсгийг нь улам дэлгэрүүлэн бичсэн зэргийг бодоход бахархмаар ч юм шиг санагддаг. Ер нь миний бараг бүх сэдэв түүх, уламжлалд хамаарна. Тэгээд ч 2005 онд Төрийн шагнал хүртээсэн буй за. Баярлахын тухайд, миний анхны өгүүлэл 1968 онд Польшид франц хэлээр гарахад нэн сайхан байсансан. Бас насан туршдаа хавчигдсаар насан өөд болсон Ринчен багшийн талаар эргэлт гаргасан Г.Акимын “Эмтэрээ нь үгүй Эрдэнэ” гэдэг өгүүлэл 1988 онд хэвлэгдэхэд бараг үнэндээ докторын зэрэг хамгаалснаасаа ч илүү баярлаж билээ.
-Сүүлийн үед судалгаандаа ямар сонирхолтой шийдэлд хүрч байна вэ?
-Дөч гаруй жилийн судалгааны дүнд Төв Ази болон Европ дахины хэл бичиг, соёл, нийгэм, түүх гэх зэрэг үлэмж өргөн хүрээнд монгол туургатаны оруулсан нөлөө тусгал багагүй гэдэг нь харагдсаар байна. Одоо хоосон ярих бус, баримтаар нотлох цаг болжээ. Үүнд бид давын өмнө өөрийнхөө юманд өөрсдөө эзэн болж судлах ёстой. Баталгаа бүрэн болж гэмээ нь бусдын эргэлзээ арилж, хүлээн зөвшөөрөх болно. Тэр бүр баримтыг гаргахад нэгэн талаас өргөн хүрээтэй, нөгөө талаас нарийн мэдлэг шаардагдана. Бусад улсыг харахад өөрийнхөө улсын судлалд төр засаг нь үлэмжхэн анхаардаг ч бидний хувьд тийм боломж хавьд гарахгүй, харин ч өөрийн юмаа дорд үзэж, өрөөлийн юмыг дээдэлж, наад зах нь Монголыг монголоор нь авч ирсэн монгол малаа ад үзэн, дөрвөн улиралд гэрэл цахилгаантай дулаан байранд байдаг гадаад мал руу нүд унагах болжээ. Ингэж гэмээ нь монгол мал үгүй болоод зогсохгүй хүн төрөлхтний буй болгосон ариг онгон байгальд зохицсон нэгэн төрөл таван хошуу малын зүйл устана гэсэн үг. Ийм болохоор судлагч хүн одоохондоо өөртөө найдах л үлджээ.
-Аливаа хүний амжилтад гэр бүлийнхэн нь ихээхэн хувь нэмэр оруулдаг. Хүүхдүүдийн тань дундаас Монгол судлал, хэл шинжлэлд хүчээ сорьж яваа хүн бий юү?
-Тийм шүү. 1968 онд Б.Мөнхжаргалтай гэрлэсэн. Нийслэлийн 3, 57, 31-р сургуульд орос хэлний багшаар ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ суусан ч монгол аав ээжийн жишгээр зээ, ач нараа үргэлжлүүлэн харсаар байгаа. Мэдээж “сайн хань сахиус, муу хань чөдөр” гэгчээр миний ажил төрөл, аав ээжид гэргий маань сахиус болсноос биш чөдөр болоогүй нь тэнгэрийн таалал буй за. Манайх нэг хүү, хоёр охинтой. Тэд маань туурга тусгаар аж төрж байна. Бүгд сайн хань ижилтэй. Ач зээ гэвэл энэ хэр тав байна. Их охин Эгшиг МУИС-ийн монгол хэлний ангийг хятад хэлний сонго ноор дүүргээд сургуульдаа хятад хэлний багшаар ажиллаж байхдаа Хятад, Монголын соёлын харилцааны сэдвээр докторын зэрэг хамгаалсан болохоор аав бид хоёрын мэргэжлийг залгасан гэж хэлж болно. Хэрэвзээ хэрэг гарвал манайхан орос, хятад, англи, франц, герман хэлээр байгаа зааврыг уншуулах гэж хүний царай харахгүй, тэгэхээр хэлнээс онц хол биш гэж хэлж болно.
-Одоо манай оронд олон сонин хэвлэл, радио телевиз бий болж, бүгд л “өөр өөрийн хэлтэй, бичих дүрэм нь ч гэсэн өөр” болсон. Манай хэл шинжлэлийн эрдэмтдийг энэ чиглэлээр дорвитой зүйл хийж цэгцлэх байх гэж хүмүүс хүлээж байна. Бас манай үгсийн санд гадаад үг их бий болж. Үүнд буруу байхгүй л болов уу. Аль ч үндэстний хэл гадаад үгээр баяждаг. Энэ талаар та юу гэж хэлэхсэн бол?
-Монголд зөв бичих зүйгээс гадна олон нийтийн эх хэлний боловсрол болохоо байлаа гэж олон хүн ярьж, бичсээр байна. Хэл, сэтгэхүй харилцан шүтэлцээтэй болохоор сэтгэлгээ нь ч мөн тийм болсоор байгааг “АХА” нэвтрүүлэг ч амьдрал дээр батлан харуулсаар байна. Уг нь өнөөгийн Монголд байгаа олон болохгүй зүйлээс үндэстний алс хэттэй хамгийн холбоотой нь хэлний асуудал. Хэлгүй болбол биологийн хувьд Азийн бусад үндэстнээс юугаараа ялгарах вэ? Цаашилбал монгол хэлээ дагаад монгол сэтгэхүй үгүй болно оо доо. Хэлний мэргэжилтний шийдлийг олон түмэн хүлээх нь зүйн хэрэг.
Хуучин нэг болохгүй үг гарахад л улсын өмнө үүрэг хүлээж, цалин пүнлүү хүртэж байгаа байгууллага, эрдэмтэд үгээ хэлдэг байлаа. Одоо үгүйлэгдэж байгаа нь тэр. Олон нийтийн эх хэлний боловсрол яагаад ийм болов? Ургамлаар жишвэл үндэс нь үгүй болсонтой зүйрлэж болно. Жамсраны, Ринчений, сонины гэх үү? Жамсрангийн, Ринченгийн, сонингийн гэх үү гэдгийн аль нь зөв болохыг хэдийнээ ялгахаа больсон. Хэрэвзээ монгол бичигтэйгээ байсан бол дээрх гурван үг бүгд хойшоо сүүлээр төгсдөг нь тодорхой тул яагаад ч Жамсрангийн, Ринченгийн, сонингийн гэхгүй байлаа. Одсэр, Одбаяр гэдэг нэр байлаа гэхэд “од”-ыг нь монгол бичгээр хоёр өөрөөр бичнэ.

Тэгээд эхнийх нь төвд үг байна, хоёр дахь нь монгол үг байна гэж мэдээд авна гэсэн үг. Кириллээр дэвшилт гэдэг үг нь монгол бичгээр дэбшилтэ, дэбшилтү гэсэн хоёр өөр хэлбэртэй байдаг. Эхнийх нь өгүүлбэрт хөгжил дэвшилт гэх мэтээр нэрийн үүргээр, хоёр дахь нь дэвшилт үзэл гэх мэтээр тодотголын үүргээр ялгаран орно. Одоо энэ бүх ялгааг хүн ухахаа больсон. Тэгэхээр монгол бичиг байхгүй болсон нь монгол хүнд монгол хэлний унаган мэдрэмжийг нь тэтгэж байсан үндэс нь байхгүй болсон гэсэн үг. Бид их гүрний алсын бодлогын золиос болсон, үүнд нь нэг бус монгол хүн нэгэн мөрийн хүчин болсон. Англи хэлний толийг үзэхэд бичлэг дуудлага нь үлэмж зөрдгийн учир толгой үг бүрийн ард дуудлагыг нь хаалтанд хавсаргадаг. Монгол бичиг ярианаас зөрдөг боловч англи хэлнийх шиг тийм хэмжээнд хүрээгүй. Гэсэн ч монгол бичиг “хоцрогдсон” гээд бид шинэ үсгээр “зассан”. Тэгвэл англи (франц, герман ч мөн адил) хэлтэн яагаад манай туршлагыг авахгүй байгаа юм бэ? Бодож үзэгтүн! Дээр олон зүйл дээр тавьсан асуулттай санаа нийлж тийм гэсэн. Одоо нэг зөрөх юм гарах нь. Нэгэнт олон нийтэд зориулсан хэвлэлд зориулж байгаа тул онол ярьж номчирхолгүй жишээ эхлэн толилуулъя. Манай олон хүн “олон улсын, дэлхий нийтийн үг гэж байдаг, түүнийг орчуулдаггүй юм” гэх нь буй.

Компьютер гэдэг үг, түүнтэй холбоотой үг хэллэгийг тийм үгийн тоонд багтаагаад байгаа. Гэтэл франц хэлэнд компьютер-ийг ordinateur, file(s)- ийг fichier(s), printer-ийг imprimant, delete-ийг supprimer, exit-ийг sortir, Германд folderийг Ordner, file-ийг Datei гэдэг. Хэдэн арван сая хүнтэй улс орон өөрийнхөө хэлийг ингэж болоод байхад хоёрхон сая илүү монголчууд яагаад ийм болов? Соёлын гавьяат зүтгэлтэн, сайд бөлгөө Гомбосүрэн гуай хэдэн жилийн өмнө ийм зүйлийг “колонийн сэтгэлгээ” гэж нэрлэсэнтэй санал яг нийлж байна. Дээр нь “колоничлуулахад дуртай сэтгэлгээ” гэж тодруулмаар байна. Харь үгийг авах талаар В. И. Ленин болон Оросын ардчилсан үзэлт олон сэхээтэн сөрөг баримтлалтай байсан, харин И.В.Сталин 1950-иад онд “Марксизм хэл шинжлэлд холбогдох нь” гэдэг товхимолдоо “хутгалдсан хэлний онол” гэгчийг гаргаж ийм өгөө авааны дүнд ялсан хэл нь улам хөгждөг, ялагдсан хэл нь мөхдөг, орос хэл бол ямагт ялсаар ирсэн хүчирхэг хэл гэдэг “онол”-ыг дэвшүүлснээр харь үг орохын үүд хаалгыг цэлийтэл нь нээсэн юм. Бид түүнийг нь дуурайсан, гэхдээ “ялагдвал мөхнө” гэснийг нь анхаараагүй гэж найдахаас.
Саяхан “Эх хэлээ эвдэхгүй юмсан” гэдэг номынхоо нэмж зассан хоёрдугаар хэвлэлийг гаргасан, тэндээс дээр өгүүлсэн зүйлийг эшлэлтэй нь тодруулан үзэж болно. Бас монгол хэлний мөн чанар, бусад хэлнээс ялгарах ялгаа, өнөөдрийн олон нийтийн хэлний мэдлэг, сөрөг үзэгдэл хийгээд түүний үүссэн шалтгаан, төгс төгөлдөр биш ч гэсэн дээрдүүлэн засах арга зэргийг энэ номоос үзэж болно. Бас нэгэн зүйл: Манайд олон болохгүй зүйл байна гэж дээр хэлсэн. Өөр хоёр болохгүй зүйлийн түүхэн давтамжийн талаар товч сануулмаар байна.

1.1920-иод оны эхээр Коминтерний төлөөлөгчийн Москвад танилцуулсан тайланд ил тод өгүүлсэн нь: “...Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээ нь Англи, Герман, Францын нутгийг нийлүүлснээс том... Тэрхүү нутаг дэвсгэрт тогтоосон нөлөөгөө бусармаг аргаар ч атугай хадгалахад манай зорилт оршино... Ердөө л найман зуун мянган малчдаас бүрдсэн энэ улсад социализм байгуулна гэхээс дээрх зорилт маань илүү чухал, газар нутаг нь хүн ардаасаа илүү ач холбогдолтой юм...” Одоо бол Монголын үнэ цэнэ үүнээс хамаагүй дээшилсэн. Коминтерн одоо байхгүй ч их гүрнүүд аль нь ч байлаа, эцсийн зорилго нь нэг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Монгол хүнгүй Монгол орон тэдэнд хамгийн ашигтай. Бидний өнөөгийн байдал ч яг ийм зорилгод чиглэгдээд байгаа юм биш биз?! гэж бодогдоход хүрээд байна. Батлах олон баримт ч эрж ядах юмгүй олдоно.

2. И. В. Сталин 1934 оны арваннэгдүгээр сарын 15- нд Монголын Ерөнхий сайд П.Гэндэнгийн танилцуулгыг сонсоод ингэж хэлсэн гэдэг тэмдэглэл нь буй: “...Байдлыг үзвэл танайд улсын дотор улс байгаа юм байна. Нэг засгийн газар нь - Гэндэнгийн засгийн газар, нөгөөдөх нь лам нарынх. Тэгэхдээ лам нарын засгийн газар нь илүү хүчтэй...” Эгэл бидний өнөөдрийн амьдрал, бодит байдал, түүнээс үүссэн бодлоор одоо бид үүнийг ингэж буулгаж болохоор байна: “Одоо манайд хоёр засгийн газар байна. Нэг нь албан ёсны засгийн газар, нөгөө нь “ченж”-ийнх. Тэгэхдээ “ченж”-ийн засгийн газар нь илүү хүчтэй. Үүгээр товчлоё. Тодруулах баримт эрэх юмгүй захаас аван олдоно доо.
-Хүн бараг судлаагүй байгаа нэгэн ажил таны анхаарлыг татаж байгаа гэсэн. Ямар ажил гэдэг нь сонин санагдаж байна?
-“Бурхан буян хайрлаад, чөтгөр чөлөө өгвөл” бодсон юм багагүй байна. Гол нь Хан улсын үеэс эхлэн Хятадын түүхэнд тэмдэглэгдсэн эртний монгол хэлний баримт болон хятад, араб, армян зэрэг үсгээр галиглан тэмдэглэсэн дундад үеийн монгол хэлний хэрэглэгдэхүүнд түлхүүхэн анхаарч, монгол хэл аялгуу, Алтай овгийн бусад хэлний хэрэглэгдэхүүнтэй харьцуулах бодолтой. Энэ бол бараг судалгаанд өртөөгүй амар ажил биш ч ядахдаа аргазүйг анхны хувилбараар нь тэрлэх юмсан. Энэ нь зөвхөн монгол хэлний төдийгүй энэ хэр эрдэмтдийн санал нэгдээгүй Алтай хэлний судалгаанд ч чухал хэрэглэгдэхүүн болно. Үүнээс гадна монголчуудын уламжлалт соёл, түүний хувь нэмрийг тодруулах, сургалтын гээд бас бус бодол бий.

П.СОЁЛДЭЛГЭР
http://www.mongolnews.mn

Орчуулагчдын гаргадаг нийтлэг дутагдлын заримаас өгүүлбэл…

Тойтог овогтой Төмөрхүлэг


Сурвалж: www.greenbough.mn


Энэтхэг-европын язгуурын хэлэнд төлөөний үгийг их элбэг хэрэглэдэг. Манай албан аппаратынхан төдийгүй сонин сэтгүүл, радио, телевизийн газарт ажилладаг орчуулагчид гадаад хэлнээс орчуулга хийхдээ төлөөний үг л байвал монголоор заавал төлөөний үгээр оноож хөрвүүлдэг зуршилтай болчихжээ. Тэгвэл найруулгазүйн үүднээс авч үзвэл төлөөний үгийг манай хэл тэр бүр тэвчдэггүй юм. Жишээлбэл, “Дорж хонио хариулж явав. Тэгтэл уулын араас чоно бууж ирж яваа харагдав” гэсэн хоёр өгүүлбэрийг орос, англи юмуу франц хэлээр орчуулах гэвэл хоёр дахь өгүүлбэрт өгүүлэгдэхүүнийг нь заавал он, he, il гэсэн төлөөний үгээр орчуулж таарна. Яагаад тэр вэ гэвэл эхний өгүүлбэр нь өнгөрөн үргэлжлэх цагт байгаа бол дараагийн өгүүлбэр нь өнгөрөн төгссөн цагт байна. Монголоор дээрх хоёр өгүүлбэрийг “Доржийг хонио хариулж явтал уулын араас чоно бууж ирж яваа нь харагдав” гэж нийлмэл өгүүлбэрээр ч илэрхийлж болно. “Дорж хонио хариулж явав. Тэрбээр уулын араас чоно бууж ирэхийг харав” гэж найруулах юм бол сонсголон нь их онцгүй дуулдаж байгаа биз. Хотын хүүхэд үүнийг ойлгох нь ойлгоно. Тэгтэл аливаа нэг хөгжсөн хэл бол ганцхан “ойлголт”-оор хязгаарлагддаггүй гэдэг байх аа. Жинхэнэ монгол хэлээ мэддэг хүнд бол саяхь хоёр өгүүлбэр махчилсан орчуулгын маягтай соностоно. Махчилсан орчуулгаар аргацаана гэвэл монгол хэлний ёсзүй алдагдана. Хэлний зүй тогтоол, ёсзүй алдагдвал тэр хэлний амин сүнс үгүй болно. Амин сүнс нь үгүй болохоор ямар ч хэл мөхөх тийшээ ханддаг жамтай. Үүнийг орчуулагчид ер хайхардаггүй нь гаслантай. Сонин сэтгүүл болон радио телевизийн үг ярианд тэр, тэрбээр, үүнийг түүнийг гэх мэтээр хэрэглэх нь хирээс хэтэрлээ. Гахай, нохой, хулгана, зурмыг хүртэл тэрбээр, тэрээр, тэдгээр гэж бичдэг болсон байна. Хүүхдэд зориулж гаргасан “Сэтгэхүй хөгжүүлэх сорилтууд” гэсэн номд яг тэгж бичсэн байгаа шүү.

Сонгодог бичгийн хэлний дурсгал бичгүүдэд болон манай нэрт зохиолчид, дуун хөрвүүлэгчдийн зохиол бүтээлд төлөөний үгийг тун цөөхөн хэрэглэсний жишээ гэвэл аль нэг хүний нэрийг дурдлаа гэхэд дараагийн өгүүлбэрт уул хүний нэрийг давтаж хэлэх юмуу, эсвэл монгол хэлний найруулга зүйн үүднээс давтаж хэлэхгүй өнгөрөхөд, өөрөөр хэлбэл, өгүүлэгдэхүүн хэрэглэхгүй байхад сайхан соностоод, ойлгогдоод байдаг үй түмэн жишээ бий.

Нэр үгэнд олон тоог заах дагаврыг мөн л махчилсан орчуулгын гайгаар хамаа намбаагүй хэрэглэдэг болжээ. Би энд цөөвтөр жишээ хэлье. Саналууд, ажлууд, эхлэлүүд, ярилцлагууд, удирдлагууд гэх зэргээр ярьж бичих болсон байна. Тэгвэл монгол хэлний үг бүтэх зарчмын үүднээс үзвэл, жишээлбэл, хурал удирдаж байгаа хүн санал байна уу? гэж уг хуралд оролцож буй улсаас асууна уу гэхээс биш саналууд байна уу? гэж асуудаггүй. Санал, ажил, эхлэл, асуулга, ярилцлага, удирдлага гэдэг үгүүд бол хийсвэр нэр бөгөөд монгол хэлний дотоод ёсзүйн үүднээс олон тооны утгыг өөртөө шингээж байдаг юм. Тэгвэл, сонин сэтгүүл, радио телевизээр, тэндхийн удирдлагууд тийм зочныг хүлээж авлаа гэх зэргээр ярьж бичдэг болсон байна. Удирдлагууд гэдэг нь удирдах хүмүүс гэсэн санааг хэлж байгаа бололтой.

За бас, тооны нэрийн ард орж буй нэр үгэнд олон тооны дагавар залгадаггүй. Тэгтэл гуч гаруй хонинууд гэж ярих болсон байна. Монгол хэлний өвөрмөц зүй тогтоолоор бол, сүрэг хонио ч ганц тооны хэлбэрээр хэлдэг. Дээр би “Дорж хонио хариулж явлаа” гэсэн өгүүлбэр эш татсан. Дорж ганцхан хонь хариулж яваагүй нь ойлгомжтой биздээ. Хэрэв ганцхан хонь хариулбал хөтлөж явах байлгүй.

Түүнчлэн, элдэв, хэдэн, хамаг, өдий төдий, өөр, ондоо, долоон жорын, есөн шидийн, эдгээр, тэдгээр, олон, мэр сэр гэх зэрэг үгийн дараах нэр үгийг заавал нэг тооны хэлбэрээр хэрэглэдэг. Иймэрхүү үг үй түм шүү дээ. Тэр бүрийг энд тоочих арга алга. Гадаад хэлнээс орчуулсан нэг зохиолд , “түүнд бүх өдрүүд нь нэг хэвийн санагддаг”, “өдрүүд нэг нь нөгөөтэйгөө адилхан байдаг” гэх зэрэг өгүүлбэр гарч байна. Уг нь бол “тэр хүнд өдөр хоног нь өнгөрч өгөхгүй хэцүүхэн байгааг” хэлэх гэсэн шиг байгаа юм. Энд өдрүүд гэдэг үгийг өдөр хоног гэж хэлсэн бол арай дээр байж дээ. Зарим тохиолдолд хоршоо үгийн хэлбэрээр их, олон гэдгийг зааж болдог нэг онцлог монгол хэлэнд байх шиг байна. Ажил төрөл барагддаггүй ээ гэвэл их ажилтай байгаа хүн юм байна гэж ярилцагч этгээд нь ойлгоноо доо. Үүн лүгээ адил “ажил явдал” гэвэл ганцхан ажил биш гэдэг нь мэдээж хэрэг биздээ.

Үүнийг залгуулаад хэдэн эрээвэр хураавар юм хэлье.

-Нөхцөл бүрдэв, боломж бүрдэв гэдэг хэллэгийг монгол хэлний сэтгэхүйгээр бол эерэг утгаар хэрэглэх ёстой баймаар. Тэгвэл зурагтаар “гал түймэр гарах нөхцлийг бүрдүүлэв” гээд ярьж байна лээ. Ингэж хэлэхээр гал гараасай гэсэн утгатай болчихож байх шиг.

-Ямар нэг асуудлыг шийдэж чадалгүй хойшлуулав гэсэн санааг “нээлттэй үлдээв” гэж сонин хэвлэлд бичих болсон байна. Энэ чинь ёстой л махчилсан орчуулгын сонгодог жишээ мөн дөө.

-Цаг уурын мэргэжилтэн зурагтаар “хүйтэн эрчимжэв”, “бүх аймагт цасан бүрхүүл тогтов” гээд л Монгол даяар зарлаж байна лээ. Цаг агаарын элдэв үзэгдлийг нүүдэлчин монголчууд шиг яг оноож хэлдэг өөр үндэстэн бий болов уу? Хүйтний эрч чангарав, бүх нутаг цасанд дарагдав гэж хэлэх гэхээс хэл нь татаад байдаг юм байх даа. Бас, хонь эрчимтэй хургаллаж байна гэж ярих болсон. Шидрүүн хургаллах гэж манай малчид хэдэн мянган жил яриад заншчихсан юм шүү дээ.

-Бас цагдаагийнхан “согтуучуудын барилт нэмэгдэв” гэх зэргээр ярих болсон. Үүнд “лт” гэдэг үг бүтээх дагаврыг ямар ч үгэнд хамаагүй залгаж болно гэж сонин хэвлэлийнхэн болон албан аппаратынхан үздэг болчихжээ. Энэ бол монгол хэлний яруу сонсголонд үнэхээр чих дүлийн гэрч юм шүү дээ. Цаагуураа бол архичин согтуу хүмүүс олноор баригдах болов гэж хэлэх гээд байгаа юм шиг. Баригдах, бадрах, өрнөх, баясах, ундрах гэх зэрэг үгийн эцсийн “х”-г хараад үйл үг гэж боддог бололттой. Тэгвэл Баясах, Ундрах, Бадрах гэдэг нэртэй хүн манайд олон бий шүү дээ. Арай үйл үгээр эцэг эх нь хүүхдэдээ нэр өгөөгүй байлгүй. Шинэ үсгийн дүрмэнд “х” дагавартай эдгээр үгийг үйлт нэр гээд бэлээхэн заачихсан байгаа шүү дээ. Эдгээр үгийг баясалт, ундралт, бадралт гэх зэргээр орчуулж бичихээс ч сийхгүй болжээ. Ийм нэг төөрөгдлөөс болж хэлний дотоод ёс зүй бас их алдагдаж байна шүү. “Баригдах гэдэг амаргүй ээ” гэвэл баригдах гэдэг үг маань энд өгүүлэгдэхүүн нь болж байгаа юм. Үйл үгийн эс тухайлах төлөв /инфинитив/ чинь монгол хэлэнд х-ээр төгссөн үгийг хэлж байгаа юм биш. Жишээ нь, хэлэх гэдэг үгийн хэлэ- нь эс тухайлах төлөв болж байгаа юм. Наад захын ийм ийм учир шалтгааныг орчуулга эхлэн оролдож байгаа нөхөд анхаардаг ч болоосой. Эх орноо хайрлана гэдэг чинь эх хэлээ бас хайрлахын нэр юм шүү дээ.

Юм бичдэг хүмүүсийг ганц нэг санаа авах болов уу гэж орчуулагчдын гаргадаг алдааны зөвхөн зах зухаас дурдахад ийм байна.

Тойтог овогтой Төмөрхүлэг

1944 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. 1970 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, 1984-1985 онд Францын Alliance Francaise-н Утга зохиолын дээд курс, 1988 онд Москвагийн Дипломатын Акедемийг тус тус дүүргэсэн. Түүхийн ухааны доктор цолтой.

1970-2004 оны хооронд Гадаад явдлын яаманд атташегаас элчин сайд хүртэл албан тушаал хашиж байсан бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртсэн. 2004-2007 оны хооронд МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнд, 2008 оноос хойш МУИС-ийн ОУХС-д багшилж байна.

Тэрбээр 1972 оноос утга зохиолын орчуулга хийж эхэлсэн бөгөөд Франц хэлнээс Вольтерийн “Жамаараа яваа ертөнц”, Д.Дидрогийн “Гэлэнмаа” роман, А.Камюгийн “Этгээд хүн”, Гийом де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд зорчсон нь”, Монтескьегийн “Хуулийн амин сүнс” зэрэг гайхамшигт бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлсэн нэрт дуун хөрвүүлэгч билээ.

Нэр томьёоны асуудал (сэтгэл судлал)

Сурвалж: www.setgel.org

Сэтгэл судлалын шинжлэх ухаан 2000 гаруй жилийн өмнө үүссэн. Гэхдээ энэ түүхэн хугацааг шинжлэх ухааны өмнөх үе гэж нэрлэдэг бөгөөд албан ёсны шинжлэх ухаанч үеийг 1879 онд Вундт эрдэмтний туршилтын лаборатори байгуулснаар тодорхойлдог юм. Харин Монголд 1960-аад оны эхэн үеэр Д. Дашхүү, Ц. Нина нар ЗХУ-д сургуульд бэлтгэгдсэн ирсэн бөгөөд өнөөгийн бидний судалдаг сэтгэл судлалын салбарын үндсийг анх тавьсан хүмүүс юм гэж ихэнхи сэтгэл судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тэдний дараа үеийн эрдэмтдийг бас дурьдах хэрэгтэй ч энэ удаад би Монгол сэтгэл судлалын хөгжил ба түүхэн цаг үеийн тухай хөндөх гэсэнгүй. Харин нэр томъёог эхнээс нь буруу хэрэглэсэний уршигаар өнөө үеийн зарим нэг хүмүүст төвөгтэй санагдаж байгаа болон анхаарахгүй бол явцгүй гэсэн санааг бичихийг зорьлоо. Зарим нэг хүмүүсийн гэх учир нь дийлэнхи хүмүүс буруу нэр томъёог анхнаасаа хэрэглэж ирсэн, өрөөсгөл гэдгийг нь мэддэггүй, бас засахыг хүсдэггүйтэй холбоотой юм.
Заримдаа миний бие шүүмжлэл бичих хэрэгтэй болдог. Зөрчил нь хөгжлийн эхлэл гэдгийг мэддэггүй хүмүүс миний шүүмжийг субьектив (шударга бус) байдлаар ойлгож намайг загнах, доромжлох, дарамтлах тохиолдлууд гардаг. Ямартай ч миний бодлоор гэж бичдэгийг санахтун!
Дараах явдлууд зөрчилдөж байна гэж үзлээ:

  • Социализмийн үеийн эрдэмтэд зөвхөн Оросын (ЗХУ) нэр томъёог орчуулан буулгадаг байсан явдал. Мэдээж барууны үзэл баримтлалыг унших байтугай тэр тухай дурьдах ч эрхгүй байсан биз. 
  • Судлаач, эрдэмтдийн талцаж хуваагдсан байдал буюу өөр өөрсдийн хэрэглэж сурсан, зохиосон нэр томъёогоо өөрийн хүрээллийн хүмүүстээ түгээж буй өнгөрсөн ба өнөө үеийн байдал.
  • Гадаад нэр томъёог шүтсэн байдал. Тухайлбал психоанализ, реакци, психологи гэх мэт гадаад нэр томъёог тэр чигт нь хэрэглэх дуртай өмнөх үеийн хүмүүсийн хандлагаас болж өнөө үед эдгээр нэр томъёог орчуулан буулгах, ярих, хэрэглэх тохиолдолд "инээдтэй" гэмээр сонсогдож байна. Өнөөгийн гадаадад суралцсан судлаачид хэт их гадаад нэр томъёог хэрэглэх, гадаадаар ярих гэх мэтээр мэдлэг, чадварын дутуу дулимаг байдлаа нөхөхийг хичээдэг нь эргээд нийт хүмүүст гай авчирж байна.  Жишээ нь, мөн темперамент гэдгийг зан араншин гэж буулгаж болох л юм шүү дээ.
  • Монгол хэлнээ буулгахдаа илүү нөхцөл, дагавар авсан байдал. Жишээ нь, төсөөлөхүй, хүртэхүй, зохион бодохуй, сэрэхүй гэх мэт УЙ, ҮЙ нөхцлийг авч байгаа нь эргээд төсөөлөл, сэрэл гэж хэрэглэхээр буруу мэт ойлгуулж байна. Д. Доржжавын эрдэмтний бүтээлд сэдэл гэдэн нэр томъёог "сэдлэг", сэтгэц задлалыг "сэтгэц задлаг" гэж бичсэн байдаг. Мөн үүнээс гадна нөхцөлт гэдэг үгийг нөхцөлдүүлэг, эсвэл болзолт гэх мэтээр "conditioned" гэдэг үгийг янз бүр болгосныг манай салбарын бүтээлүүдээс харж болно. Ой тогтоолт гэдгийг ой санамж, тогтоох ой, цаашлаад "iconic memory" хэмээх харааны ой тогтоолтыг хэн нэг судлаачийн үзэмжээр нүдлэн тогтоох ой гэх мэтээр ондоо утга агуулаад ч байгаа юм шиг асуудлууд их байна.
  • Харьцуулалт хийхийг хүсэхгүй байна. Энэ үгийг бид ингэж хэрэглэдэг учраас дэлхий нийтээрээ ингэж хэрэглэж, ойлгодог юм гэсэн тогтсон сэтгэлгээнээс гарахыг хүсэхгүй байна. 
Миний бие сэтгэл судлалын ном, бүтээлүүдийг шүүж үзэхэд өдөр тутамд хэрэглэгддэг нийтдээ 310 гаруй нэр томъёо байна гэж үзлээ. Эдгээрээс зөрчилдөөнтэй нэр томъёонууд, ойлголтууд нилээд байгаа бөгөөд дор тодруулж бичье:
  • "Психо" гэдэг үгийг бид сэтгэл гэж орчуулдаг. Дээрээс нь "лого-логос" гэж нэмэхээр судлал эсвэл шинжлэх ухаан гэх утга үүсэх бөгөөд үр дүнд нь сэтгэлийн тухай шинжлэх ухаан буюу сэтгэл судлал гэдэг нэр томъёо гараад ирнэ. За энэ нэр томъёо бол манай салбарт маш чухал хийгээд анхан шатны мэдэгдэхүүн нь байх ёстой. Бидний анх сурсанаар бол "сэтгэцийн үзэгдлүүдийг судалдаг эсвэл Сэтгэл гэдэг нь нэгдмэл цогц бүрдэл юм. Сэтгэл бол өөрөө танин мэдэхүйн энерги бөгөөд учир иймд хүний бодол, танин мэдэхүйн, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг нь сэтгэл юм" гэж тодорхойлдог. Бүр зарим тохиолдолд Сэтгэл гэдэг үгээ хаяад "Сэтгэц Судлал" гээд далийгаад явчихдаг. Тэгтэл сэтгэл гэдэг үгийг барууны хандлагад "оюун ухааныг нэгтгэн бүрдүүлэх" гэж тодорхойлоод л гүйцээ. Мөн сэтгэл судлалыг "танин мэдэхүй ба зан үйлийн" шинжлэх ухаан гэж энгийнээр тодорхойлдог. Энэ тодорхойлолтоос үзэхэд энэ юуны тухай шинжлэх ухаан бэ гэдгийг төвөггүй ойлгож болохоор байна.
  • "Ухамсар" гэдэг төвөгтэй нэр томъёо бас бий. Үүнийг уламжлалт хандлагаар "Сэтгэцийн үйлийн дээд үе шат" гэж тодорхойлдог бол барууны хандлагад "эргэн тойрны эсвэл орчны мэдлэг буюу ухамсарласан байдал" гэж нэрлэдэг.
  • "Сэтгэц" гэдэг нэр томъёог бид уламжлалт хандлагаар "обьектив ертөнцийн субьектив тусгал" гэж тодорхойлдог. Энэ тодорхойлолтыг нарийн авч үзвэл их оновчтой тодорхойлсон байна. Гэвч сэтгэл судлалд эхлэн суралцагч эсвэл мэргэжлийн бус хүмүүс үүнийг ойлгоход төвөгтэй байх болно. Харин энэ нэр томъёог APA (Америкийн Сэтгэл Судлалын Холбоо)-ны тайлбар толинд:
  • "Сэтгэц (Psychic-Психи) 1. Оюун ухаантай холбоотой утга бүхий үзэгдэл 2. Иван Павлов бие махбодын рефлексээр нөхцөл хариу үйлдэл үзүүлэх 3. Шинжлэх ухааны тайлбараар үгүйсгэдэг зөн билэг, телепати гэх мэт үзэгдэлт хэсгийг 4. Дунд зэргийн, хэт мэдрэмтгий эсвэл өөр төрлийн хүмүүст байдаг хэвийн бус ур чадвар"
гэж тодорхойлсон байна. Уншигч та үүнийг хэр зэрэг ялгаатай байгааг ойлгож буй биз. Угаасаа барууны хандлагад Psychic гэдэг үг нь дан ганцаараа хэрэглэгдэггүй. Тухайлбал Psychic defence mechanism, Psychic apparatus гэх мэтээр хавсарч хэрэглэдэг.
  • Оюун ухаан гэдэг нэр томъёо хамгийн төвөгтэй нь юм. Бид үүнийг зарим тохиолдолд сэтгэцийн, ухамсрын зэргээр өнөөх тулгуур ойлголтуудтайгаа "хутгах" шаардлага гардаг. Тухайлбал, "mind disorder" гэдгийг манайхан мэдээж оюун ухааны эмгэг гэж нэрлэхгүй, харин сэтгэцийн эмгэг гэж орчуулдаг. Тэгтэл "mind retardation" гэвэл оюун ухааны хомсдол гэж нэрлэдэг. "Mind" гэдэг нь үнэхээр оюун ухаан гэдэг ойлголт юм болов уу гэхлээр "Intelligence" гэдэг үг гарч ирсэнээр мөн адил оюун ухаан гэдэг санаа төрнө. 
  • Өвчин эмгэгийн нэр томъёоны хувьд бас хэцүү. Невроз (Мэдрэлийн ядаргаа) гэж юу вэ хэмээн асуувал мэдрэлийн ядаргаа гэж тайлбарлахаар "арай л биш юм" гэж чамласан хариултуудыг эрдэмтдээс их сонсдог. Тэгтэл энэ нэр томъёоны ойлголт, гол санаа нь мэдрэлийн ядаргааг хэлж байгаа мэт. Мөн мэдрэлийн ядаргааг тодорхойлохдоо сэтгэцийн засврын эмгэг гэдэг. Сэтгэцийн засврын эмгэг гэж юу юм бэ? Энэхүү мэдрэлийн ядаргаа гэдгийг өвчин, эмгэг гэж үзэхээ болиод удаж байна шүү дээ ! Үүнийгээ ч мэдэхгүй зарим хүмүүс энэ бол өвчин гэхэд өвчин биш эрүүл гэхэд эрүүл биш гэж бөөрийнхөлсөн хариултуудыг олон хэлдэг.
  •  Паранойд, шизойд, циклойд гэх мэт эмгэгүүдийг сэтгэцийн завсрын эмгэг биш бие даасан бие хүний эмгэг (personality) гэж барууны хандлагад үздэг.
Гэх мэт бидний хамгийн сайн мэдэх ёстой нэр томъёонууд ийнхүү хутгалдаж, гажуудаж байгааг хэсэгхэн талаас нь цухал дурьдлаа. Мөн ямар их ялгаатай байгааг та ойлгоо биз. Ингэж маргалдах нь үр дүнгүй эсвэл утгагүй мэт санагдаж болох юм. Гэсэн хэдий ч энэ нэр томъёог гадаад хэл рүү хөрвүүлэх тохиолдол гарахад, тухайлбал эрдэм шинжилгээний илтгэлийн сэдэв дээр зан төлөвийн хурцдал гэдгийг арга ядахдаа "personality disorder" бие хүний эмгэг гэж орчуулан буулгаж байна, ном зохиолын орчуулганд маш олон төрлийн утга гарч ирдэг, нэг хэсэг нь ухамсаргүй гэдэг бол нөгөө хэсэг нь далд ухамсар гэж ярьсанаар буруу ойлголцдог, гадаад нэр томъёог ашиглаж буй нь эх хэл дээрх шинжлэх ухааныг мартаж буй явдал юм. 

Судалж буй салбарынхаа асуудалтай зарим хэсгийг дурьдлаа. Миний хувьд үүнийг эрүүл бус үзэгдэл гэж ойлгож байна. Эрүүл бус үзэгдлийг эрүүл гэж хүлээж байгаа нь өөрөө эрүүл бус байдгийг санах хэрэгтэй.

Л. Энхтүшиг

“-гд”-ийн илүүдлийг арилгая

СЭДЭВ: , , 

М. Баярсайхан 
Сурвалж: www.greenbough.mn

Монгол хэлний найруулгыг харьжуулсан “-гд”-ийн илүүдэл хэт газар авч буйг хэвийн үзэгдэл болгон зөнд нь орхимгүй байна. Их зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нараас аваад бичгийн хэлний боловсролтон нарын зохиол бүтээлээс зөвхөн идэвхгүй хэвийн энэ нөхцөлийг ямар тохиолдолд хэрхэн хэрэглэж байсныг хэрэг болгон үзээд, өнөөгийн элдэв нийтлэлтэй харьцуулбал, олонхоороо эх хэлдээ элэггүй хандаж байгаад даанч харуусмаар...

Санаа тавибал, “-гд”-ийг илүүдүүлэлгүй бичихэд бэрх бус хэмээн сонины мөрөөс авсан хэдэн жишээг залруулан үлгэр болгоё. Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр зохиогдож буй ажил – ажлын байрыг нэмэх зорилгоор зохиож буй ажил; ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг-ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг; засвар хийгдсэн байр – засвар хийсэн (засварласан) байр; хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууц – хөтөлбөрийн хүрээнд барих орон сууц; зальт этгээдэд хууртагдах- зальт этгээдэд хууртах; үзэсгэлэн нээгдлээ - үзэсгэлэн нээлээ; тавигдах шаардлага – тавих шаардлага; батлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль – батлан итгэмжилсэн их дээд сургууль, цалингаа нэмэгдүүлэх – цалингаа нэмүүлэх; гээгдүүлсэн тул хүчингүйд тооцно уу – гээсэн тул хүчингүйд тооцно уу; тусгай зөвшөөрлүүд цуцлагдах үндэслэл – тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл; ажил олгогчдодоо сонгогдсон хүмүүсийг явуулна – ажил олгогчдын сонгосон хүмүүсийг явуулна; хэрэг бүртгэгдэн шалгагдсан – хэргийг бүртгэн шалгасан; татвараас чөлөөлөгдөх өдөр – татвараас чөлөөлөх өдөр; интернетийнхээ хурдыг нэмэгдүүлж болно – интернетийнхээ хурдыг нэмж болно; захиалга явагдаж байна – захиалга авч байна, тулгар төр байгуулагдсаны ой – тулгар төр байгуулсны ой гэх мэт.

Энэчлэн уншигч та бүхэн -гд илүүдэж буй эсэхийг нягталж, эх хэлнийхээ зүй тогтолд нийцүүлэн бичиж найруулахыг хичээгээрэй.

2014-09-17

ТАЗОС: Үгэнд биш, утгат шүтэх хэрэгтэй

Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС): 

Үгэнд биш, утгат шүтэх хэрэгтэй

Эх сурвалж: /http://www.tsagtur.mn/

Бичсэн Ш.Билэгсайхан

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн багш Дүгэржавын Бадамдоржийг дугаарынхаа зочиноор урилаа. 
Тэрбээр 1993 онд “Өөлд аман аялгууны ойллого” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж, “Монгол хэлний үгийн сан-утга зүйн ай” /1995/, “Орчин цагийн монгол хэлний утга судлалын үндэс” /1997/, “Монгол хэлний утга судлал” /2006/ зэрэг арав гаруй ном, эрдэм шинжилгээний 50 гаруй өгүүлэл хэвлүүлжээ. Мөн утга судлалаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, МУИС-ийн профессор болсон эрдэмтэн. Түүнтэй хэл соёл, утга судлалын чиглэлээр тулгамдаж байгаа асуудлын тухай ярилцлаа.



- Та утга судлалын эрдэмтэн хүний хувьд монгол хэлний үгийн санд харь хэлний үг асар хурдацтай “Эрлийзжиж“ байгааг юу гэж тайлбарлах вэ?  

- Аливаа хэлний үгийн сан эвдрэхийн хамт бүтэж, бүтэхийн хамт эвдэрч байдаг жамтай. Ямарваа хэлний үгийн санд харь хэлний үг байдаг зүй тогтолтой. Энэ нь төр, нийгэм, эдийн засаг, соёлын харилцаанаас үүдэлтэй. 21-р зуунд Монгол улс өрнө, дорнын олон улстай харилцаа их өргөжиж байна. Ийм учраас монгол хэлний үгийн санд харь хэлний үг олноороо түр зуур хэрэглэгдэж байна. Ялангуяа байгууллагын нэр хаяг, бүтээгдэхүүний нэр, электрон харилцаанд харь үг үлэмж байна. Харь үгийг оносон сайхан монгол үгээр нь нэрлэж хэвшмээр байна. Тэгэхийн тулд эх хэлнийхээ үгийг эрхэмлэх хэрэгтэй. Жишээлбэл, “консерциум” гэдэг үгийг “холбоо, нэгдэл” гэж орчуулбал зохистой. Гэтэл харь үгийг хэвээр нь хэрэглэж байгаа жишээ олныг дурьдаж болно. Спикер- УИХ-ын дарга, УИХ- парламент, градус-хэм, хобби-хувь хүний сонирхол, лобби-хуурамчаар дэмжих, этгээд дэмжлэг, сертификат- гэрчилгээ, үнэмлэх гэх мэтээр гадаад үгийг хязгаарлаж, монгол үгээ хэрэглэмээр байна. 
 
- Дэлхийн жишигт албан байгууллагын хаяг нэг мөр байдаг. Тэгвэл Монголд ямар байна вэ? Үүнийг жигдэлмээр байна?  

- Ялангуяа албан байгуул¬лагын хаяг төрийн албан ёсны хэлэнд зааснаар байх ёстой. Монгол бичиг, шинэ бичгээр 10-15 см өндөр байвал, гадаад хэлээр /англиар хадаж болно/ хадвал, гуравны нэгийн өндөртэй хийх ёстой. Англи, солонгос, япон, хятад, араб хэлний үгээр , үсгээр нь байгааг жигдлэх хэрэгтэй. Телевизийн дэлгэцээр англи үгээр томоохон сурталчилгаа хийж байгаа нь зохисгүй. Бүх ард түмэн мэдэхгүй. Би “Сити-ньюс” гэдэг үгийг шүүмжлэж байна. Үүнийг “нийслэлийн мэдээ” гэж нэвтрүүлж болно. Сурталчилгаанд гадаад үгийг хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна. 
 
- Орчин цагийн монгол хэлний зөв бичих зүйн толь тийм ч хангалттай биш байна. Сонин сэтгүүл, ном хэвлэл их алдаатай гарч байна. Яах вэ?  

- Хоёр л зүйл байна. 1983 онд академич Ц.Дамдинсүрэн, багш Б.Осор нарын зөв бичих зүйн толь гарсан боловч, ягштал баримталдаггүй учраас нэг үгийг олон янзаар бичих байдал үүссэн. Ийм учраас шинэ үсгийн дүрмийн дагуу томоохон хэмжээний журамласан толь ард түмэнд хэрэгтэй байна. Хэл бичгийн ухааны мэргэжилтнүүд санал онолоо нэгтгэж даруйхан гаргамаар байна. Хэвлэл мэдээл¬лийнхэн толь баримтлахгүй, эрдэмтэд өөр өөрийн тайлбарын дагуу үгийг бичсээр байна.  

- Авьяас, гавьяа гэдэг үгийг “ъ”- тэй ч бичих юм. Таны бодлоор аль нь зөв бэ? 
 
- Ихэнх үгийг монгол бичгээр бичиж ирсэнийг тулгуурлаваас зөв болно. Тиймээс авьяас, гавьяа, томьёо гэж бичнэ. Зөөлөрсөн гийгүүлэгчид “и” байдаг учраас “ь”-ээр бичих нь зүйтэй. Журамласан толь нэн чухал хэрэгтэй байна. Энэ толийг дүрмээ барьж, уламжлалаа баримталж хийх ёстой.Жишээ нь гараг гэдэг үгийг уламжлалаа баримталж бичсэн байна. Дуудлага төдий баримталбал “гариг” болох юм. 
 
- Эх хэлээ хэрхэн хамгаалах вэ?  

- Даяаршилын үед эх хэл, соёлоо хамгаалах нь зайлшгүй шаардлагатай асуудал болоод байна. Харийн соёлын нөлөө эх хэлэнд их тусдаг. Тэгэхлээр монгол соёл түүнд автах нь дамжиггүй. Нөгөө талаас хүн ам их цөөхөн болохоор хэл соёлоо хамгаалахад хүчин мөхөсдөнө. Монгол найруулгын уламжлалыг алда  ж болохгүй. Үг бүр үнэ цэнэтэй зүйл. Жишээлбэл, эснихэ- мэндлэх, төрөх гэсэн утгатай үг. Академич Б.Ринчений эснисний… гэвэл найруулга зохистой болно. Өнөө цагт олон монгол үг хэрэглээнээс шахагдаж байгаа нь харамсалтай. Хоёрдугаарт, монгол үгийг зөв дуудах, зөв хэлэх ёстой. Радио телевизээр ярьж байгаа, хуралд үг хэлж буй хүмүүс үгээ зөв дуудаж чадахгүй байна гэдэг том алдаа. Жишээ нь, “баяр хүргэяа” гэж байна. “Баяр хүргэе” гэх ёстой. Энэ нь буруу бичлэгт нөлөөлнө. Авчихсан - авцан, ирчихсэн – ирцэн гэж буруу хэлж байна. Буруу хэллэг дандаа буруу хэлбэрийг санагдуулдаг. Энэ бол том алдаа. “- Чи нөгөө зүйлийг хэлчихсэн үү? - Хэлцэн” гэж байна. Харь үгийн нөлөөгөөр үгийн сан гаднаасаа эвдэрч байдаг бол, буруу дуудлага, бичлэгийн нөлөөгөөр дотроосоо эвдэрч байдаг.

- Нэг үгийг олон янзаар бичих юм. Үүнийг яаж шийдвэл зохистой вэ?  
- Олон шалтгаантай боловч, ихэвчлэн монгол бичгийн уламж¬лалыг баримталж, толь бичгээр зохицуулах ёстой.  

- Кино, номын орчуулга тааруу байдгийн шалтгаан юу вэ?  

- Орчуулагчийн монгол хэлний боловсрол муу байгаатай шууд холбоотой. Монгол хэлний найруулга, утга тэргүүтнийг нарийвчлан мэдэх хэрэгтэй. Энэ мэтээр нарийн утгалахгүй учраас орчуулга оновчгүй болж байна.  

- Киноны орчуулганд хар ярианы үг хэллэг их хэрэглэх юм?  

- Орчуулгын ёс суртахууны хэм хэмжээг умартаж, хэт хар ярианы үг хэрэглэж байгаа нь нийтэд тааламжтай бус байна. Сайхан эерүүлсэн, хүндэтгэлийн хэлцийн утгыг оновчтой хэрэглэх хэрэгтэй.
  
- Сурагчид байтугай оюут¬нууд хүртэл зөв бичиж чадахгүй байна?  

- Хэлний аливаа нэгж утга хэлбэрийн нэгдэл байдаг. Монгол хэлний сүүлийн ная гаруй жилийн сургалт хэлний хэлбэрийг, өөрөөр хэлбэл хэл зүйг зааж ирсэн учир найруулан бичиж чадахгүй байгаа нь сурагчийн долоон зөв. Харин хэлбэрийн гүн бүтцийг буюу утгыг заагаагүй учраас найруулан бичиж чаддаггүй.  
Монгол хэлний хичээл үг ямар утгатай вэ? гэдгээс эхлэх ёстой. Эхлэх цэг нь энэ. Дунд сургуульд бүтээврийн утга, үгийн утга, хэллэгийн утга, хэлцийн утга, өгүүлбэрийн утгыг түлхүү заах ёстой. Утга гэдэг бол бодит юм, хүний сэтгэн бодсон ухагдахуун, хэлний тэмдэг гурвын шүтэлцээ байдаг. Ийм учраас монгол хэлийг ийм шүтэлцээгээр заах ёстой.Зөв бичих дүрмийг дотроо бодоод намрын тухай утга уянгатай бичнэ гэж байхгүй. Яаж сайхан бичих ёстой вэ? гэхлээр намрын тухай бодитоор бодож боловсруулж, хэлний тэмдэгээ зохистой хэрэглэж бичих ёстой.  
Үгэнд шүтэлгүй, утганд шүтэж, ярьж бичих хэрэгтэй. Цөөн үгээр гүн утга гаргах ёстой. Ингэхийн тулд сайн зохиолч, сэтгүүлч, эрдэмтдийн чансаатай бүтээлээс өдөр тутам суралцах хэрэгтэй. Найруулгыг уламжилж эзэмшинэ гэдэг их чухал. Ерөөсөө залуучууд ахмадын найруулгыг хүндэтгэхгүй байна. Яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Гашуун өвс”, Б.Явуухулангийн “Намрын мөнгөн өглөө”, зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” номыг сайн уншмаар байна. Монгол хэл сурахдаа утга найруулгыг нь голчлох хэрэгтэй. Үг юу илтгэж байна, ямар санаа гаргаж байна гэдгийг голчлох ёстой. Харь хэлний загвар, байгууламжаар найруулж, монгол хэлний байгуулам¬жаар бичээгүй болохоор хэл эвдэрч, утга найруулга алдагдаж байна. Жишээ нь, “танд баяр хүргэе” гэхийг “ танд баяр хүргэмээр байна” гэх юм. Монгол хэлний сургалтаа сайжруулах хэрэгтэй байна.  

 - Хүүхдэд хар багаас нь гадаад хэл заахыг чухалчилж байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?   
- Энэ буруу. Яагаад гэвэл унаган сэтгэхүй нь хоёрдоно. Зургаагаас дээш ангид гадаад хэл заах нь зөв. Ясан шүд ургатал гадаад хэл заамааргүй байна. 

- Манай орчуулагчид монгол хэлээр ярихдаа аялгаа өөрчилж маяглах юм. Энэ тухайд...?  

- Тэр тусгүй. Хэл хэлний өргөлт дуудлагаар нь ярих ёстой. Хятад хүн монголоор ярихдаа хятад аялгатай ярьдаг нь содон байдаг.  

- Монгол хэлэнд сүүлийн үед хар ярианы элдэв “жаргон”- уудыг хэрэглэж ярьдаг болжээ. Энэ зөв үү? 
 
- Ялангуяа хэвлэлд гэр зуурын, этгээд, хар ярианы үгийг өргөн хэрэглэж байгаа нь монгол хэлний найруулга доройтож байгаагийн шинж. Ичимдэг, зан суртахуунгүй үгийг нийтэд дэлгэж тавьдаггүй. Хэвлэлд эрээ цээргүй юм их бичиж байна. Монгол найруулгад дээрх зүйлийг хориглож байсан сайхан уламжлал бий.  

- Монгол хэлний эрдэмтдийн хамтран хэрэгжүүлмээр чухал ажил юу байна вэ?  

- Юуны өмнө монгол үгийн зөв бичих хэлбэр, дуудах дуудлага, бичигдэх утгыг нь залуу үед таниулмаар байна. Шинэ бичгээр зөв бичүүлж сургах хэрэгтэй. Хүмүүс өөрийнхөө бодлоо хүртэл их алдаатай бичиж байна. Алдааг засахын тулд 100000 үгтэй журамласан толь хурдан зохиож, төрийн албаны хүмүүст өгөх хэрэгтэй. Ирээдүйд улсын тусгаар тогтнол, монгол утга соёлоо хамгаалах үүднээс монгол бичгээ хүн бүр сурах ёстой.  

- Хэл бичгийн ухаанаар цол хамгаалуулах эрдмийн зөвлөлөөс сүүлийн үед ямар шинэлэг бүтээл гарч байна вэ?  

- Монгол хэл шинжлэлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалахдаа утга судлалын сэдэв сонгож хамгаалж байгаа нь сайшаалтай. Цаашид монгол хэлний өнгөн бүтэц, гүн бүтцийг шүтэл¬цүүлэн хийсэн судалгаа үнэ цэнэтэй байх болно.  

- Монгол хэлийг мөхөл рүү ойртож байна гэж үзэж болох уу?  

- Монгол хэлийг мөхөж явна гэж дүгнэж болохгүй. Ярьдаг бичдэг хүн нь, үсэг бичиг нь байна. Амьд хэл учраас мөхөж байгаа бус. Гэвч сургалт судалгааг нь оновчтой болгохгүй бол хэл мөхдөг жамаар мөхөж болно. Хүн амыг эрлийзжүүлээд, газар нутгийг нь гадаадынханд түрээслээд, үсэг бичгийг нь соливол маш түргэн устах болно.  

- Бид хэл, соёлоо яагаад умартаад тоохгүй, хайрлахгүй байна вэ?  

- Монголын бүх ард түмэн хэл соёлдоо дургүй биш. Цөөн хүмүүс гадаад хэл рүүгээ тэмүүлж хэл соёлын тухай ярихаа больсон байна. Монгол хэлээ мартахгүй хайрлахын тулд монгол бичгээ нийтийн хэрэглээ болгох хэрэгтэй.  

- Та юунд харамсдаг вэ?  

- Монголчуудын хувцас, хоол, сууц, утга соёлоос ихэнх нь баларч байгаад харамсдаг. Зурагтаар монгол хоол, хувцас хийхийг харуулахгүй байна. Монгол заншил саармагжиж байна. 
 
- Дунд сургуулийн монгол хэлний сурах бичиг шаардлага хангахгүй байна. Зөв бичих дүрэм ч алга. Ямар ч алдаагүй зөв бичиж чаддаг хүн ховор байна?  

- Хамаагүй үгүйсгэж болохгүй. Сүүлийн зургаан жилд дунд сургуулийн монгол хэлний хөтөлбөр боловсронгуй болсон. Утга, бүтэц, хувиргал, соёл гэсэн 4 айтай. Сурах бичгийг багаар зохиох дэвшил гарсан. Энэхүү сургалтанд баримтлах зөв бичиг, утга тайлбарлах, зөв дуудлагатай “Хүүхдийн толь бичиг” байх ёстой. Ийм толь хятад, орос, өвөрмонгол, японд байдаг. 

ТАЗОС: Орчуулахад анхаарах зарим зүйлс

Техник-аргазүйн онлайн семинар (ТАЗОС)

Орчуулахад анхаарах зарим зүйлс

Эх сурвалж: www.orloo.info

Бичсэн: Батчулууны Жаргалсайхан

Дэлхий нийтийн хөгжил даяаршиж, техник-технологи, шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийг даган Монгол хэлэнд гадаад үгсийн эзлэх хувийн жин сүүлийн үед илт өсөж байгааг бид анзаарч байна. Гадны хэлнээс авч хэрэглэж буй үгс, гадаад хэлээр бичиж буй хаяг, зар сурталчилгааг анхааран үзвэл эх хэлэнд маань байгаа үгийг авч хэрэглэсэн, тухайн хэлний дуудлагаар биш, буруу авиагаар хэрэглэж байгаа зүйл нилээд байна. Өнгөрсөн зууны дунд, сүүл үед манай орчуулгын зохиолын дийлэнхийг Орос хэлээр дамжин давхар орчуулж гаргадаг байлаа.

Энэ үеэс л манайд буруу авиагаар орчуулах явдал дэлгэрсэн бололтой. Англи хэлний "blue" мэтийн үгийг дуудах [u:], "how" мэтийн үгийг дуудах [au], "know" мэтийн үгний [ou] мэтийн дуудлага Монгол хэлний [үү, өө] авиа мөн бөгөөд түүнийг Оросууд Англи зэрэг хэлнээс авахдаа өөрийнх нь хэлэнд "ө, ү" үсэг байдаггүйгээс "о, у" үсгээр тэмдэглэдгийг бид төрөлх хэлэндээ залруулалгүйгээр, тэр хэвээр нь авч буруу дуудлагатай үгс Монгол хэлэнд орж ирдэг болсон байна. Орос хэлээр дамжин орчуулсан, "ау, оу" үсгээс бүтэж байгаа үгсийн дийлэнхи нь эх хэлэндээ [ааү, өөү] гэж дуудахаар үгс байдаг.

Тухайлбал: "Brown" гэдэг нэрийг Оросууд Браун, "house"-ыг хаус, "gold"-ийг гоулд гэдгийг Англичууд [Брааүнэ, хааүс, гөөүлд] хэмээн дууддаг. Англи хэлний "show" буюу "үзүүлбэр, үзэсгэлэн, жүжиг, хөтөлбөр" гэсэн утгатай үгийг Англичууд өөрсдөө [шөөү] гэж, Америк аялагаар [шооу] гэж дууддаг. Энэ үгийг Оросууд авахдаа америк аялагаас авсан уу, эсвэл тэдний хэлэнд "ө, ү" үсэг байхгүй, бас урт эгшгийг өргөлтөөр тэмдэглэдгээс болсон уу, [шоу] хэмээн оруулсныг Монгол хэлэнд тэр чигээр нь авч, одоо манай залуус [шооудах] (шоовуудах ч гэдэг) гэдэг шинэ үгийг, огт өөр, "олуул архидах, нийлж цэнгэх" гэсэн утгаар, бараг төрөлх хэлний үг шигээ өргөн хэрэглэх болжээ. "Know-how" /хэрхэхээ мэдэх/ гэсэн хэллэгийг англиар ярьдаг улсууд [нөөү-хааү] гэдэг байтал манайхан "ноу-хау" гэж бичээд [нооу-хаау] гэж дуудах болж. Энэ нь манайд уг авиаг дамжуулах үсэг байхгүйдээ биш, Орос хэлнээс залруулагагүй авснаас болсон хэрэг. Энэ мэтээр [ө, ү] дуудлагатай Англи үгийг манайхан "о, у" үсгээр авсан жишээ маш олон. Мөн "multimedia" гэдэг үгийг болон "sub..." зэрэг дуудлагыг Оросыг дуурайн мультимедиа, "суб ..." гэж оноох нь эдгээр үгсийг эх хэлний дуудлагаас холдуулдаг. Солонгосчууд Англи хэлнээс дээр дурьдсан үг болон өнгө, өмсгөл, спорт, субъект зэрэг үгийг авахдаа [маалтмээдиа], [сааб...], [каалө], [саиз], [споот], [саабжикт] гэх мэтээр, эх хэлний дуудлагаар авсан байдаг нь маш зүйтэй зүйл.

Англи хэлнээс орчуулга хийхэд бусдыг хүндэтгэсэн "mister, sir, gentelmen, miss, missis" зэрэг үг, бас "bar" мэтийн зарим үгийг монголоор онооход хүндрэлтэй байдаг. Эдгээр үгийг нэгэнт тэр хэлнийх нь утгаар гаргах үг оноож чадахгүйгээс хойш, Оросууд шиг дуудлагаар нь галиглан, "мийстө, сээө, жээнтлмэн, мийс, мийсийз" гэж буулгах нь зөв юм болов уу гэж би санадаг. "bar" гэдэг үгийг тэр хэвээр нь бар гэж галиглавал буруу ойлгох болчих гээд байдаг тул "баар" хэмээн урт эгшгээр бичих нь зөв. Неологизм буюу шинэ үг хэллэг аль нэг хэлэнд гаднаас ч, тухайн хэлнээсээ ч орж, мартагдан хуучирч байдаг нь хэвийн л үзэгдэл боловч гадны хэлнээс энэ мэт үгсийг авахдаа тухайн хэлэнд хэрхэн дууддаг чигээр нь авбал илүү ойлгомжтой болох байх гэж би санадаг. Цахилгаан шуудан гэсэн утгатай "electronic mail" гэдгийг барууныхан "e-mail", эсвэл "email" гэж товчилдгийг манайхан "э-мэйл" биш "и-мэйл" гэж хэдийн заншжээ.
John гэдэг Англи нэрийг Оросууд өөрийн хэлнээ Джон гэж галигладаг нь Монголоор [Жооно] гэж дуудахаар үг байдаг. Энэ үгийн төгсгөлийн "н" үсэг манай хэлний үзүүрийн "н" учир ард нь эгшиг оруулж өгөхгүй бол манай уншигчид хэлний угийн "н" үсгээр дуудаж буруу авиа гаргадаг нь Монгол бичгийн их энхлэг, Англи хэлний "ng"-гээр үүсдэг авиа даруй мөн. Энэ нэрийг Монгол уншигчид маань [Жоно] гэж ч, [Жонг] гэж ч уншдаггүй, чухамхүү [Жоонг] гэж сунжруулан, төгсгөлийг нь хэлний угийн "н"-ээр уншдаг. Манай уншигчид яагаад ийнхүү сунжруулж, уртаар дуу! даж байна вэ? гэвэл уг нэрийг Англи хэлэндээ уртаар дууддагийг мэддэг болсон учраас тэр, түүнээс бидний огт мэдэхгүй үг байсан бол бид [Жоно], эсвэл [Жонг] хэмээн дуудах байсан. Тиймээс гадаад хэлнээс авч оруулах үгсийг өргөлттэй хэсэгт нь урт эгшиг хэрэглэж [Жооно] гэж, эх хэлэндээ дууддагаар буулгах нь зөв бус уу? Гадаад хэл огт мэдэхгүй монгол хүн Роберт гэдэг нэрийг [орберт] гэж унших уу, [орооберт] гэж унших уу, эсвэл [оробеерт] гэж унших болов уу?

Хэрэв унших ёстой дуудлагаар нь Рообэрт гэж бичвэл хэн ч зөв уншина. Яагаад бид "миний" гэдэг үгний эцсийн "й" үсгийг хасчихаараа [мийний] гэж уншаад байна? Бас [мийна] хэмээх тэсрэх төхөөрөмжийг ах нар "мина" гэж бичдэгийг бид [мийнэ] гэж дууддаг. Мотор гэж бичсэнээ [мотоор] гэж, II үенд орсон эгшгийг уртаар унших дүрэм хэрэв байдаг бол матар гэдэг үгийг бид [матаар] гэж унших ёстой. Донор гэдгийг [доонор] гэж, I үен дахь эгшгийг уртаар унших дүрэмтэй байдаг юм бол сонор гэж бичсэнийг [соонор] гэж унших ёстой. Үгэнд орсон ганц эгшгийг бид богиноор "цаст" гэх мэтээр дууддаг. Гэтэл "жаст" гэж бичсэнийг "жаст" гэж яагаад уншиж байна?

Монгол хэлний хичнээн урт үгэнд, хэдэн эгшиг ч орсон бай, уртаар бичээгүй л бол бүгдийг богиноор дууддаг. Биднийг оюутан байхад нэгэн явган шогийг ам дамжин ярьдаг байсан нь: "ЗХУ-д сурч байсан манай нэг оюутнаас нэгэн Орос хаанахын хүн болохыг асуухад нөгөө оюутан "Солонгос хүн" гэж худал хэлж л дээ. Гэтэл нөгөө Орос нь ойлгосонгүйд тэр залуу буруу хэлчихсэн юм болов уу гэж бодоод "Солоонгос" гэж залруултал бас ойлгосонгүй. Болохгүй болохоор нь "Соолонгос" гээд, бүр барахаа болихоор нь "Солонгоос" гээд ойлгосонгүй, Солонгосыг оросоор юу гэдэг юм бэ? гэсээр байрандаа орж ирсэн" гэдэг. Үүнтэй төстэйгээр М. Шоолоховын "Дөлгөөн Дооно" романы "Дон" хэмээн бичсэн үгийг манай дийлэнх уншигчид "Донг" гэж уншдаг. Дооно мөрнийг мэдэхгүй хүүхэд залуучуудаар уншуулбал дийлэнх нь "Донг", их сайндаа л "Доонг" хэмээн уншина.

Бас их зохиолчийн овгийг "Шолоохов, Шолохоов" хэмээн буруу унших хүмүүс ч гарч ирэх л байх. Энэ бүхэн, бид эдгээр үгсийг эх хэл дээр нь мэддэг болсноос л болж буй хэрэг. Хэрэв эс мэддэгсэн бол, жишээлбэл "мини" гэхэд орсон хоёр "и", "мотор"-ын болон "донор"-ын хоёр "о" үсгийн алийг нь уртаар дууддагийг хэн, яаж мэдэхсэн билээ? Орос хэлэнд өргөлт хэрэглэдэг, Англи хэлний ихэнхи үгийг нэгдүгээр үе дээр нь уртаар дууддаг тул эдгээр хэлнээс манайд орж ирсэн үгс нэг эгшигтэйгээрээ орж ирсэн байдаг. Жишээлбэл доктор, радио зэрэг үгсийг бид өргөлттэй газарт нь уртаар уншаад дадчихаж. Зөв дуудаж эх хэлний үг шиг болсон радио, телевизор, доктор зэрэг үгийг раадио, телевийзор, дооктор гэж бичихээ байг гэхэд сүүлийн үед орж ирэх болсон, уншигчдад төдийлэн танил биш, мөнөөх "Know-how" мэтийн гадаад үгийн өргөлттэй үеийг урт эгшгээр бичиж занших нь зөв гэж би санадаг.
Англи хэлэнд түгээмэл тохиолддог "Bess, Bessy, Bett, Betty, Donald, Hugo, Jhonson, Hudson" зэрэг нэрийг [Вээс], [Вээси], [Бээт], [Бээти], [Доонөлд], [Хьюгөү], [Жооносана], [Хаадсана] гэж уншдагийг анзаарваас өргөлттэй эгшгийг уртаар уншдаг, гийгүүлэгчийг давхраар бичсэн ч дангаар уншиж байгааг тэр чигээр нь аваагүйгээс [Доонөлд[ гэж унших нэрийг [Донаалд], [Бээт] гэхийг [Бээтит], [Хьюгөөү] гэж унших нэрийг [Хюгоо], бүр [Гюго] ч гэдэг байлаа. Жооны хүү, Хаадын хүү гэсэн утгатай "Jhonson, Hudson" гэсэн нэрний "son"-ыг галиглахдаа [сана] (эсвэл ямар үгэнд орж байгаагаас нь хамааран [соно], [сөнө]) гэж, эх хэлэндээ хэрхэн дуудаж байгаагаар бичих нь зөв. Тухайн хэлэндээ дууддаг авиаг буруу гаргасан жишээг хүн бүрийн мэддэг, Билл Клинтон, Вашингтон гэсэн хоёр нэр болон "уран" хэмээх химийн элемент дээр авъя: Бидний бичиж, уншиж заншсанаар Билл Клинтон гэж бичээд, хэрэв кирийл үсгийн дүрмээр, зөв уншвал нэрийг "Билл" хэмээн богино эгшгээр, хоёр "л"-ийг нь "ажиллах" гэхэд ордог шиг давхар "л"-ээр, овгийн хоёр богино эгшгийг мөн богиноор унших ёстой.

Бас овгонд орсон хоёр "н" үсгийг хэлний угийн "н"-ээр унших уу, үзүүрийн "н"-ээр унших уу гэдэг нь тодорхой биш учир ихэнх хүмүүс угий! н "н"-ээр уншиж эх хэлэндээ байдаггүй авиа гарган, [Клийнгтонг], эсвэл [Клингтоонг] гэж уншдаг. Энэ нэрийг Англи хэлнээ дуудах зөв авиагаар нь бичвэл Бийл Клийнэтөнө гэж буулгах ёстой. Хотын нэрийн тухайд Англиар ярьдаг хүмүүс [Вайшингтөнө] гэж, харин манайхан [Вашингтоонг] гэж уншдаг. Монгол хэлний "уран" гэдэг үгтэй яг адилхан бичдэг химийн элементийг манайхан Оросуудын бичдэг чигээр нь аваад [ураанг] гэж уншдаг нь бас л буруу дуудаж байгаа хэрэг. Оросууд энэ үгийг [ураана] гэж уншдаг. Тэгэхээр бид энэ үгний зөв дуудлагыг гаргая гэвэл! "уран" биш, "ураана" гэж бичих ёстой. Англи хэлний "h" үсгийн гаргадаг авиаг Оросууд "г" үсгээр ч, "х" үсгээр ч хэрэглэдгийг манай орчуулагчид мөн л буруу ташаа авдаг. Оросууд яагаад тэгдэг юм бэ? гэвэл эрт цагт Орос хэлний "г" үсгийг "г", "х" хоёр янзаар дууддаг байсан бөгөөд "голова, город Волгоград, говорить" зэрэг үгийг [халаваа, хоорат валхахраад, хаварийц] гэж ярих нь одоо ч Төв Орос болон Украинд байдаг.

Тэр үеийн орчуулагчид гадаад хэлнээс "h" оролцсон үгийг мөн хоёр янзаар авдаг байсан нь одоо ч хэвээр байгаа тул Хээнри, Хаари гэдэг нэрийг Оросууд Генри, Гарри гэж буулгадаг. Иймээс "h" үсгийг манайх "х" үсгээр авах нь зөв. Энэ авиаг Буриад хэлэнд "h" үсгээр, Монгол бичигт "Буддха" гэхэд "д"-гийн ард ордог үсгээр тэмдэглэж, Кирийл бичигт "Лхагва", "Лхас" мэтийн "х" шиг маш бүдэгхэн дууддаг байтал манайхан Пхеньян зэрэг үгийг уншихдаа "х" үсгийг Кирийл цагаан толгойн "х" авиагаар дууддагаас Солонгос хэлэндээ байдаггүй [Пихэньяанг] гэсэн үг үүсгэчихээд байгаа. Энэтхэгийн нийслэл "Delhi"-г манайхан [Деелий] гэж уншдаг бол Энэтхэгчүүд өөрсдөө [delhi:] гэж, Англи хэлний "h" үсгийн бүдэг ав! иагаар, төгсгөлд нь уртаар дууддаг. Орос хэлний "ж, ч, ш, з" зэрэг үсгийг дуудах авиа манай хэлэнд огт байдаггүй, шуугиант авиа байдаг. Харин манай "ш" үсгийг дуудах авиаг Оросууд [щ], "ж" үсгийг дуудах авиаг [дж], "з" үсгийг дуудах авиаг [дз] гэж тус тус тэмдэглэдгийг бид мэдэх боловч энэ талаар эрдэмтэн мэргэд л гэхээс олон нийт яагаад ч юм ярьдаггүй.

Нэгэнт хоёр үсгээс бүтэж байгаа тул Орос хэл мэдэхгүй манай уншигчид түүнийг [дэжэ], [дэзэ] хэмээн уншдаг бөгөөд, саяхан болтол худалдаанд байдаг байсан "Алимны джем" хэмээх чанамалыг манайхан [Алимны дэжээм] гэж уншдаг байлаа. Хожим, Орос хэл сурч байхдаа энэ нь монголоор жээм гээд биччихэд л зөв дуудах үг байсныг олж мэдсэн. Мөн, Орос хэлний албан ёсны сургалттай байсан тэр үед манай зээр гэдэг үгийг Оросууд "дзерен" гэж бичсэнийг учир мэдэхгүй, хөдөөний хүүхэд бид [дэзээрэн] хэмээн дууддаг байснаа санаж байна. Харин Англи хэлний "J" үсгийг дуудах авиа манай [Ж] авиа мөн тул түүнийг цаашид "ж" үсгээр тэмдэглэж, хэлний үзүүрийн "н" орсон тохиолдол бүрийд ард нь зохих эгшгийг оруулж хэрэглэж байх нь зөв санагддаг. Жишээ нь, "Peterson" гэх нэрийг би англичууд дууддагаар нь "Пийтөөсана" гэх нь зөв. Маастер төлөвлөгөө, директор лавлах гэх мэтээр их ярьж, бичих болж. Төлөвлөгөөний тухайд маастер гэдгийг ерөнхий гэвэл болмоор. Энэ маягаараа бол удалгүй "Улаанбаатар сийтийн маастер палаанг" гэж, мөртөө "палаанг" гэдгийн "н"-ийг угийн [нг]-ээр дуудан ярих бололтой.

Директор гэдэг үгийг Орос хэлний тайлбар толиноос харвал "Үйлдвэр албан газар, эсвэл сургалтын байгууллагын удирдагч" гэж, харин Англи хэлний толиос харвал "1. Чиглүүлж байгаа хүн буюу зүйлс, 2. Компани эсвэл корпорацийн харилцааг удирдах, эсвэл хяналт тавихаар сонгосон нэг буюу бүлэг хүн, 3. Театр, кино, зурагт болон радиогийн бүтээлийг даргалагч, зохиолыг хэлмэрчлэгч хүн, 4. Дамжуулагч, 5. Мэдээжийн зохион байгуулалттай бүлгийн удирдагч, эсвэл мээнэжэр гэж байгаа нь Монгол хэлний удирдан чиглүүлэгч буюу "Сартваахи" гэдэг үгтэй утга даруй дүйнэ. Монгол хэлний идэвхигүй хэвийн нөхцлийг гадаад хэлнийхээс ялгаж хэрэглэх асуудал нилээд чухал байна. Жишээлбэл, Англи, Орос зэрэг хэлэнд "The book written by me" /миний бичсэн ном/, "the product made by our company" /манай компаний бүтээгдэхүүн/, "книга, подаренная другом" /найзын минь бэлэглэсэн ном/, "трава, примятая ногами" /гишгэсэн ногоо/ гэх мэтээр тухайн үйл хөдлөлд өртөж байгаа зүйлийг голчилсон хэллэг нилээд бий.
Ийм хэллэгийг монголчлохдоо өөрийн хэлний онцлогийг бодолцолгүй үгчлэн орчуулдгаас "надаар бичигдсэн ном", "манай компаниар хийгдсэн бараа", "найзаар минь бэлэглэгдсэн ном", "хөлөөр гишгэгдсэн ногоо" зэргээр орчуулж ярьдаг болсон бөгөөд тэр нь монголшиж: "УИХ-ын гишүүнээр сонгогдох, машин алдагдах, хууль батлагдах, ял шийтгэгдэх, баримт тогтоогдох" мэтийн үгс манай хэлэнд орж ирж хэвшсэн нь залруулах зүйлийн нэг яах аргагүй мөн. "Тэмдэглэлийг мөрдөн байцаагч уншиж сонсгов" гэсэн санаа бүхий "Протокол прочитан следователем и прослушан мною" гэсэн үгүүлбэрийг "Тэмдэглэл мөрдөн байцаагчаар уншигдаж, надад сонсогдов" үгчилбэл ойлгомжгүй хэллэг болно. Гэмт хэрэгт сэжиглэж буй хүнийг байцаахын өмнө барууныхан: "Таны яриаг тэмдэглэж авах бөгөөд түүнийг хожим таны эсрэг ашиглаж болзошгүйг урьдчилан сануулъя" гэж байнга анхааруулдаг. Үүнийг Англиар "I must warn you that your words will be taken down, and may be used against you" гэснийг орчуулагч Б. Халиун "Таны үг бүр тэмдэглэгдэх бөгөөд таны эсрэг ашиглагдаж болно гэдгийг сануулъя" гэсэн нь хүн тэмдэглэж аваад ашиглах биш, яриа өөрөө тэмдэглэгдээд, өөрөө ашиглагддаг мэт сонстоно.
Орон судлалын тухай мэдлэг буюу эх хэлний өвөрмөц бүтэц, хүмүүсийн сэтгэхүйн онцлогийг мэдэхгүйгээс үгчлэн, буруу утгаар орчуулж байгаа зүйл нилээд тохиолдох болсон байна. Манай "тэнгэрийн заадсыг" Англиар "Milky Way", Оросоор "Млечный путь" хэмээн нэрлэдэг. Энэ хоёр хэлнээс үгчлэн "Сүүн зам" гэвэл Монгол хүн "сүүгээ зам таттал асгасныг" хэлж байна гэж ухна. Мөн тэнгэрийн заадсыг үгчлэн "Sky border", эсвэл "Грань неба" гэвэл гадаад хүмүүс ойлгохгүй. ТV-9 сувгаар гарсан "Хөөрхөн төрөх албагүй" хэмээх Орос кинонд "...тэнгэрийн оронд га! рч, сүүн замд хүрнэ..." гэж байгаа дуулдсан. Үүнийг хичнээн үзэгч "тэнгэрийн заадас" гэж ухаарсан бол? Мөн л зурагтаар гарч байсан "Цагаан алт" гэдэг кинонд 1 баатар нь буудуулж үхсэн хүнийг хараад "Бэлэн болчихож" гэж байсан. Орос хэлний "готов" гэдэг нь "бэлэн" гэдгээс гадна "готово" гэвэл "бүх юм өнгөрсөн, дууссан" гэсэн санааг агуулдаг. Юрий Дольд-Михайликийн "Ганц дайчин ганцаардахгүй" номонд " - Готов! - бросил он кому-то из партизан. В голову!" гэснийг "Үхчихэж!, Толгойд нь оночихож! хэмээн тэрээр партизануудын нэгэнд хэлэв" гэвэл монгол уншигч ойлголоо. Тэрнээс биш дээрхи маягаар үгчилбэл: "Бэлэн болчихож гэж тэрээр партизануудын нэгэнд хаяв. Толгой руу!." гэвэл үүнийг хэн, юу гэж ойлгох вэ? Юу орчуулж байгаагаас хамааран, тухайн хэлний үгийг огт өөр үгээр орчуулах тохиолдол ч байдаг.

Жишээлбэл, нийтийн тээврийн жолооч донсолгоход Оросууд "Картошки возишь что ли?" /Төмс ачиж ява юм уу хаашаа юм чи?/, Харин манайхан "Мах ачиж яваа юм уу чи?" гэж гэдэг. Тэгэхээр энэ хэллэгийг Монгол ахуйд бууж, Монгол хүн ойлгохоор орчуулахын тулд Орос хэлний "төмс" гэдэг үгийг "мах" хэмээн орчуулахад хүрнэ. "После дождичка в четверг" гэдгийг "нар баруунаас гарахад" гэж орчуулалгүйгээр, "борооны дараагийн Пүрэв гарагт" гэвэл хэзээ ч биелэхгүй зүйлийг хэлж байна гэж нэг ч Монгол хүн ойлгохгүй. Ерөөс маш хайхрамжгүй орчуулсан зүйл нилээд байна. А. К. Доойлийн "A study in scarlet" /Час улаан судалбар зураг/ туужийг Б. Халиун дээр дурьдсан орчуулгадаа тод улаан, час улаан гэсэн утга бүхий "scarlet" гэдэг үгийг "улаан" гэж авсан ч "судалбар зураг" гэсэн утгаар орсон "a study" гэдэг үгийг "мөрдлөг" болгон, эх хэлэндээ байхгүй "зурвас" гэдэг үгийг өөрөө нэмэн, "Улаан зурвасын мөрдлөг" гэж орчуулжээ. Мөн туужид "The coyote skulks among the scrub, the buzzard flaps heavily through the air, and the clumsy grizzly bear lumbers through the dark ravines, and picks up such sustenance as it can amongst the rocks. These are the sole dwellers in the wilderness." гэснийг орчуулбал: "Бутан дундуур цөлийн чоно гүйлдэж, хааяа нэг сар шувуу агаар зүсэн нисэж, нүцгэн хадан дотроос идэх юм хайсан саарал баавгай эв хавгүй дайвалзан алхахаас өөр амьтангүй. Зэлүүд хоосон энэ нутагт байдаг амьд амьтад ингээд л болох нь тэр." гэхэд болно.

Гэтэл нуугдах, муу санаа гарган отох зэрэг утгатай "skulk" гэдэг үгийг гавлын яс гэсэн утгатай "skull" гэдэг үгтэй андуурч, дээрхи орчуулгад; "Бут сөөг дунд чонын гавал хөглөрч, элээ агаарт далавчаа хүнд дэвэх бөгөөд хар баавгай харанхуй хавцлуудын дундуур гэлдрэн чулуун дундаас хүртэж болох тэжээлийг түүн алхална. Эдгээр нь зэрлэг талд тэнүүчлэгч цорын ганц амьтад байв." гэж орчуулжээ . Энэ үгүүлбэрийн "coyote" буюу "цөлийн чоныг"орчуулагч Чинбат "гүрвэл" гэж орчуулсан бий . "When morning broke, a scene of marvellous though savage beauty lay before them. In every direction the great snow capped peaks hemmed them in, peeping over each other's shoulders to the far horizon. So steep were the rocky banks on either side of them that the larch and the pine seemed to be suspended over their heads, and to need only a gust of wind to come hurtling down upon them. ... Even as they passed, a great rock came thundering down with a hoarse rattle which woke the echoes in the silent gorges, and startled the weary horses into a gallop." гэснийг Б. Халиун "Өглөө болоход зэрлэг боловч гайхамшигтай байгалийн үзэсгэлэн тэдний өмнө дэлгэгдлээ.

Эргэн тойронг цасан оргилтой аварга уулс бүсэлж, хажуу хажуугаасаа цухалзан алс тэнгэрийн хаяанд шингэх аж. Тэдний хоёр тал дахь чулуун овоонууд аймшигтай эгц бөгөөд үхэр чулуунууд тэдний толгой дээр дүүжлэгдэж, салхи үлээхэд л нурахаар санагдаж байв. ... Бүр тэднийг өнгөрч байхад том чулуу ширүүн түчигнээнтэй нуран ирж, ядарсан морьдыг давхихад хүргэв." гэж орчуулжээ. Үүнийг Монгол руу найруулан буулгавал: "Үүр цайх үеэр тэдний нүдэнд зэлүүд нутгийн гоёмсог үзэмж дурайн тодров. Эргэн тойронд сүндэрлэх мөнх цаст өндөр оргилууд тэртээ алсыг харахаар бие биенийхээ мөрөн дээгүүр өнгийн харах мэт үзэгдэнэ. Уулсын, хад чулуу болсон бэлд ургасан нарс, шинэс модод зүүчихсэн юм шиг санагдаж, түүгээр явагсдын толгой дээр ганцхан ширүүн салхинд мултран уначих нь уу гэмээр цавчим аж. ... Тэднийг хөндий дээгүүр явж байх үед тэр хавиас нэг том чулуу ховхорч, ангал хад руу дуу хадаан унахад ядарсан морьд үргэн ухасхийв." гэсэн үгүүлбэр болно. Англи хэлнээ та, чи хэмээх утгатай "you" гэдэг үгийг манай орчуулагчид хэнд хамаарч байгааг харгалзалгүйгээр дан "та", эсвэл "чи" хэмээн орчуулваас ойр дотны хүмүүс бие биенээ "та" гэчих гээд байх буюу хүндэлбэл зохих хүмүүсээ "чи" гэчих гээд байдаг. Оросууд дотны хүмүүсдээ "чи" хэмээх утгатай "ты" гэдэг үгээр ханддагийг Монгол хэлнээ орчуулахдаа аав, ээж, ах, эгчийн тухайд "Та" хэмээн буулгадаг.

Англи "you"-г ч мөн хэнийг дуудаж байгаагаас нь шалтгаалан ингэж оноож орчуулах нь зүйтэй. Дунд сургуулийн газарзүйн хичээлээр "ойрхи дорнодын улс" гээд манайхаас баруун зүгт орших улсыг үзээд байхыг хүүхдүүд бид яагаад тэгдэг юм бол гэж өөр хоорондоо гайхан ярилцдаг байснаа санаж байна. Хожим Баруун Европын орнуудын дорно зүгт байдаг улсуудыг Оросууд Англи хэлнээс, тэдний нэрлэдэгээр, тэр чигт нь авсныг манайхан мөн л ингэж нэрлэж заншсаныг мэдсэн билээ. Орос, манай хоёрын хувьд ойрхи болон алс дорно гэвэл огт өөр улс байдаг тул залруулж орчуулах нь зөв байсан байж таарна. Европын улсууд овог, нэрээ бичихдээ нэр, эцгийн нэр, овог гэсэн дарааллаар бичдэг. Жишээлбэл, Александр Сергеевич Пушкин, Михаил Александрович Шолохов гэсэн нэрийг Монголоор Пуушкин овогт Сергейгийн хүү Алексаандр, Шоолохов овогт Алексаандрын Михаил гэж бичвэл зохилтой. Манайхан үүнийг ялгаж салгаж ойлгуулдаггүйгээс, тэр үед ургийн овгоо хэрэглэдэггүй байснаас, бидний үеийнхнийг ЗХУ-д сурч байхад Оросууд өөрийнхээрээ ойлгон, эцгийн нэрээр дуудаж, Дорж овогтой Болд гэдэг хүнийг "Доржийн Б" гэж заншсан байдаг байлаа. Англи хэлтэй улсууд захидал зэргийг бичихдээ хүний нэр, овогноос эхлэн хаяг, хот, улсыг "Рообэрт Жооносана.

Худалдааны зуучлагч. 34/27 тоот. Лийтл Жоорж гудамж. Төвийн дүүрэг. Индианапоолис хот. Индиана муж улс. АНУ." бичдэг бол Монголоор "Монгол улс. Хэнтий аймаг. Өндөрхаан хотын Номын дэлгүүрийн эрхлэгч, Боржигон овогт Доржийн Болд" гэж бичдэг. Монгол хэлний зарим нэр томъёог оноохдоо уг нэр гадаад хэлэнд хэрхэн буухыг бас бодолцмоор надад санагдана. Бидний сайн мэдэх МҮОН-ийн телевиз лоогоон дээрээ нэрээ Англиар "MNВ" гэж товчилсон харагддаг. Тэгэхээр энэ чигт нь орчуулбал Монгол орныг мэддэггүй харь хүмүүс "олон нийтийн" буюу "рublic" гэдэг тодорхойлолт байхгүйгээр "Монголын үндэсний нэвтрүүлэгч" гэж ойлгоно. Нийслэлийн засаг даргын тамгын газрын үүдэнд буй "The governor's office of Ulaanbaatar city the capital of Mongolia" гэсэн хаягийг Монгол руу буулгавал "Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар" гэж, "The presidium of the Ulaanbaatar citizens representatives khural (city council)" гэснийг Монгол руу буулгавал "Улаанбаатарын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид (хотын зөвлөл)" гэж буухаар байгаа нь түүний яг дэргэд нь бичсэн, эх хэлэндээ бидний нэрлэдэг нэрнээс зөрж байна. Нийслэлийг Англиар "capital" гэхээс гадна "metropolis" гээд нийслэлд хамаарах зүйлийг "metropolitan" гэдэг.

Энэ үгээр оноовол илүү дөхүү буух бус уу? Гадаад хэлнээс бусдаасаа илүү сайн орчуулдаг байх даа гэж бодож явдаг "Eagle TV"-ийн мэдээллийн хөтөлбөрөөр нэгэнтээ "Лондоны метрополитан цагдаагийн газар..." гэж ярьж байхыг сонсоод арай ч дээ гэж бодсон. "The metropolitan governor's office of Mongolia" гэсэн байсан бол "Метрополитан засаг даргын тамгын газар" гэж орчуулах байсан байх даа. Мөн "Шүүхийн шинжилгээний үндэсний төв" гэсэн нэрийг Англи руу энэ чигт нь буулгавал "The national centre of the court examination" гэж, харин Орос руу буулгавал "Национальный центр судебных исследований" гэж тус тус орчуулна. Орос дээрээ ойлгомжтой сонстож байгаа нь "судебный" гэдэг үгийг ойлгосноос тэр. Хэрэв гадаад хэлтэй холболгүйгээр ойлговол шүүх гэдэг үгний нэг утга шүүн таслах ажиллагаа мөн ч бидний ойлгуулах гэсэн, энд байвал зохих "forensic" буюу "криминалистикийн" гэдэг ухагдахуун Англи хэлээр ч, Монгол хэлээр ч бидэнд буухгүй байна. Хэрэв "forensic" гэдэг үгийг тайлбар тольноос харвал: "1. Хуулийн асуудал, цагдаагийн мөрдөн байцаалтад туслахаар хийж буй шинжлэх ухаанлаг судалгаанд хамаарах, 2. шүүн таслах, эсвэл хуульд ашиглах буюу холбогдох" гэж; харин "криминалистик" үг: "Гэмт хэрэгт холбогдолтой объект, эд зүйлс" гэсэн буюу адил утгатай байгаа. Тэгэхээр Оросууд "судебный" буюу "шүүн таслах ажиллагааны, хууль зүйн" гэж төрөлх хэлээрээ, "криминалистический" буюу криминалистикийн гэж гадаад хэлнээс үүсэн орж ирсэн үгээр нэрлэдгийг манай ядуу орчуулагчид "шүүхийн" гэж өрөөсгөл утгаар орчуулснаас ийнхүү эх хэлний утгаасаа холджээ.


Монгол хэлний онцлог болон ахуйтай холбоотой, мөн л Орон судлалд хамаарах, өөр ямар ч хэлэнд буухааргүй зарим хэллэг байдаг болов уу гэж би санадаг. Манайхны "За тэгээд тарган тавтай зусаж байна уу?" хэмээх мэндчилгээг "And well, do you spent the summer well?" гэх буюу "Ну как вы там, хорошо ли ваша летовка?" гэх мэтээр орчуулбал утга алдахгүй бууна. Түүнээс яг байгаа үгээр нь "And well, do you spent the summer comfortablу and fatly?" гэх буюу "Ну как вы там, уютно ли, толсто ли летуете?" гэх мэтээр үгчлэн орчуулбал уг хэлээр ярьдаг хүмүүс огт ойлгохгүй, уурлан хүлээж авахаар хэллэг болно. Сонирхогч миний нүдээр харахад иймэрхүү зүйлийг анзаарч байхад мэргэжлийн орчуулагч нарт мөн ч их юм байдаг байхдаа гэж, хэдий тийм боловч, бас ч нэмэр болох болов уу хэмээн, санаанд орсон зүйлээ чадан ядан буулгав. Авах гээхийг уншигч таны мэргэн оюун мэдсү.